sonin.mn
Манай сонины “Сонгогчийн үг” булангаар дамжуулан Баянзүрх дүүргийн I,II,III хороо болон XXI, XVII хорооны сонгогчид сэтгэгдлээ хүргэж байна.
 
Тэд 2008, 2012 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Ганболдын Ганбаярыг дүүрэгтээ хэрхэн ажиллаж, иргэдийнхээ төлөө юу хийсныг ингэж дүгнэлээ.
 
 
Дүүргээ төлөөлж гарсан хүний тус, дэм алга
 
Баянзүрх дүүргийн I хорооны иргэн Г.Энэбиш: 
 
-Би Баянзүрх дүүрэгт 1959 оноос хойш амьдарч байна. Хороонд ажиллаж байсан үе үеийн дарга нарыг сайн мэднэ. Тэд дүүрэгтээ болон ард иргэдийнхээ ажил, амьдралд хэрэг болох олон зүйлийг хийж байсан. Харин дүүргээ төлөөлж сонгогдсон энэ хүнийг нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл хийсныг үнэхээр санахгүй байна. Иргэд өөрөө өөрийнхөө амьдралыг л арай ядан авч явж байна. Иргэдийнхээ ажил, амьдралд тус болох, амьдрах орчныг нь сайжруулах олон зүйлийг хиймээр байна шүү дээ.
 
 
Дараагийн сонгуульд хүнээ сайн таньж сонгоорой
 
Баянзүрх дүүргийн I хорооны иргэн С.Даваахүү: 
 
-Баянзүрх дүүрэгт амьдраад 28 жил болж байна. Дүүргийнхээ тохижилт, иргэдийн амьдрах орчныг сайжруулах талаар хийж байгаа зүйл огт алга. Би XIII хорооллын 55 дугаар байранд амьдардаг, оршин суугч. Манай байрны хажууд л гэхэд хүүхэд тоглох, хөгшид нарлах зай талбай алга. Хогондоо дарагдсан хэцүүхэн орчинд л амьдарч байна. Хогийн цэг болсон хувийн эзэмшлийн хоёр газар байдаг.
 
Хашаан доторх хог нь өмхийрчихсөн, ус тогтсон ийм л орчинд амьдарч байна. Энэ талаар авсан арга хэмжээ алга. Иргэд уулзаж учирлаад, утсаар хэлээд ч нэмэр байдаггүй болохоор юу хийх бол гэж харж суухаас өөрцгүй юм даа. 
 
Хотын соёл, улаанбаатарчуудынхаа амьдралд хувь нэмрээ оруулж, амьдрах орчныг нь сайжруулахад анхаарч ажилламаар юм. Хий амлаж байхаар 2016 оны сонгуулиас өмнө иргэдийнхээ төлөө жаахан юм хиймээр байна. Мөн нийслэлчүүд минь дараагийн сонгуульд хүнээ л сайн таньж сонгоорой гэж хэлэх байна.
 
 
Хувиараа бизнес эрхлэгчдийг огт дэмжихгүй юм
 
Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Б.Нямдаваа
 
- Би энэ хороонд дөрвөн жил авто засварын газар ажиллуулж байна. Хувиараа үйл ажиллагаа явуулдаг учраас эрхэм улстөрчдөөс хүсээд байх зүйл алга. Гэхдээ энэ дүүргээс сонгогдсон нөхдүүд хувийн бизнес эрхлэгчдийгээ жаахан дэмждэг бол баярлахсан. 
 
Бид саяхан Сонинохайрхан дүүрэгт салбар засварын төвөө нээх гэтэл зөвшөөрөл нь олдоогүй. Мэргэжлийн хяналтын газрынхан нь ирээд шууд нураадаг юм байна лээ. Уг нь улсаас ажил нэхсэн биш, хаана хаанаа хэрэгтэй зүйл хийж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчдийгээ жаахан дэмждэг бол зүгээр байна.
 
 
Цэвэр усны шугамд холбож өгнө гэсэн. Бид зөөврийн усаа л ууж байна
 
Баянзүрх дүүргийн Дарь- Эхийн овоо буюу II хорооны иргэн М.Батцоож:
 
-Би энэ хороонд 10 гаруй жил амьдарч байна. Нийслэлийн ИТХ-д манай хорооноос Г.Ганбаяр гэдэг залуу сонгогдсон. Хааяа нэг зурагтаар гарч байгаа харагдах юм. Даан ч юу ч хийхгүй юм. Ажилгүй, архи уудаг хүмүүсийн нас залуужиж байна. Иргэдэд ажлын байр олдохгүй байна. Уран цэцэн ярьж, худлаа баахан юм амлаж, сонгогдчихоод маргааш нь мартчихдаг явдал манайхны зан болж дээ. 
 
Манай энэ хавийг цэвэр усны шугамд холбож өгнө гэж амласан. Гэтэл одоо болтол бид зөөврийн усаа ууж байна. Ажилгүйдэл газар авч байна, архичид нэмэгдэж байна. Өдөрт нэг гудамжнаас 20 согтуу хүн гарч ирдэг болсон. Би цайныхаа газар олон жил ажлуулж байна. Сүүлийн үед хоол авч идэх мөнгөтэй хүн байхаа больсон.
 
 
Дараагийн сонгуульд саналаа өгөхгүй 
 
Баянзүрх дүүргийн XXVII хорооны иргэн Р.Даваасүрэн: 
 
-Ах нь энэ дүүрэгт 1988 оноос хойш амьдарч байна. Тэр хүүхдийг чинь телевизэд хөтлөгч байх үеийг нь мэднэ. Дүүрэгтээ юм хийх нь битгий хэл, манай дүүргээс нийслэлийн ИТХ-д нэр дэвшсэн гэдгийг нь одоо л сонсож байна. 
 
Би барааг нь ч хараагүй удаж байна. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтож байгаа нь нүдэнд илт харагдаж байна. Амьдрал дээрдээд, өнгө зүс сайжирч байгаа юм алга. Бидний үеийнхэнд ажил олдохоо байсан. 50 гарсан хүнд хамгаалагчаас өөр ажил олддоггүй. Олдсон нь хоёр хоног ажиллуулаад цалингаа өгдөггүй. Одоо ах нь сонгуульд саналаа өгөхгүй ээ, итгэхээ байсан.
 
 
Залуу хүн юм хийх болов уу гэж сонгосон, худлаа юм байна 
 
Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Л.Гүррагчаа:
 
-Нийслэлийн ИТХ-д манай хорооноос сонгогдсон Г.Ганбаярыг сайн мэднэ. Ярихдаа л сайн болохоос хийхдээ маруухан нөхөр. Дүүрэг төлөөлж сонгогдсон хүн иргэдтэйгээ аль болох ойр байх хэрэгтэй. Дараагийн сонгуульд өрсөлдвөл би лав сонгохгүй. Уг нь залуу хүн юм хийх байх гэж сонгосон, худлаа байна.
 
 
Г.Ганбаярыг хаана, юу хийж явдгийг нь мэдэхгүй юм
 
Баянзүрх дүүргийн III хорооны иргэн Д.Батхүү:
 
-Би энд хорь гаруй жил амьдарч байна. Манай дүүргээс сонгогдсон Г.Ганбаярыг “ТВ-5” телевизид ажилладаг, нэвтрүүлэгч байх үеийг нь мэднэ. Түүнээс хойш хаана, юу хийж явдгийг нь үнэндээ мэдэхгүй юм. Баянзүрх дүүргийн иргэдэд үзэгдэж, харагддаггүй хүн шүү дээ, тэр чинь. 
 
Энд ирж иргэдтэй уулзалт хийж, санал сэтгэгдэл авсныг нь ч мэдэхгүй юм. Иргэдийн амьдрал улам л доошилж байна. Ялангуяа залуучуудын хувьд амьдрал их хэцүү байна. Энэ хавийн залуус архинд их орж байна. Хийх ажилгүй хүмүүс өөр юу ч хийх билээ дээ.
 
 
Цаасан дээрх ажлаа л сайн хийж байгаа байх
 
Баянзүрх дүүргийн III хорооны иргэн Ш.Мягмарсүрэн:
 
-Би Баянзүрх дүүрэгт 20 гаруй жил амьдарч байгаа оршин суугч. Хүний нүдэнд үзэгдэж, гарт баригдах зүйл хийсныг нь санахгүй байна. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй тэр зүйлүүдээ ядаж цаасан дээрээ сайн хийж суугааг үгүйсгэх аргагүй юм. 
 
Манай Баянзүрх дүүрэгт байдаг эмзэг цэг буюу Нарантуул зах болон томоохон худалдааны төв, тээврийн товчооны ойр орчимд архи уудаг хүмүүсийн тоо улам л нэмэгдээд байна. Энэ хүмүүст тус дэм болоод ажилд зуучлах, аль эсвэл хоноглоод, хоол идээд явдаг газар бий болгох зэрэг хүний амьдралд тус болсон зүйл хийдэг бол сайн байхсан. Түүнээс чулуу мод босгох, байшин барих нь тийм чухал биш байх. Хамгийн гол нь хүнд хүрсэн зүйл хийгээсэй гэж бодож байна.
 
 
Татварын дарамт их байна
 
Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Х.Бахытхаан:
 
-Манайхаас сонгогдсон төлөөлөгчид бидэнтэй нэг ч уулзаагүй. Иргэд ажилгүй, дээр нь, орлоггүй хэцүүхэн амьдарч байна. Би хувиараа жижиг аж ахуйн нэгжийн тайлан гаргадаг. Татварын дарамт их байна. Өмнө нь татвараа төлөөд явдаг байсан газрууд төлж чадахаа байсан. 
 
Гурван төрлийн татвар авч байна. Нэг мөр болгох хэрэгтэй. Жижиг аж ахуйн нэгжээс авах татвараа том аж ахуйн нэгжээс судалж үзээд ялгах хэрэгтэй. Энэ мэт асуудалд хүртэл анхаарч өгдөг бол их л сайн байхсан. Дүүргээс сонгогдсон хүн маань чухам юу хийж явдгийг мэдэхгүй байна.
 
Б.Туул, Ц.Баяр , Д.Батбаатар 
Эх сурвалж: