sonin.mn
Монголын энхийг сахиулагчид Өмнөд Судан улсыг зориход бэлэн болжээ.  Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа маргааш буюу энэ баасан гаригийн  11.00 цагт ЗХЖШ-ын жагсаалын талбайд болох юм.
 
Арга хэмжээнд ЗХЖШ-ын дарга хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга,  хурандаа Г.Сайханбаяр болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл  оролцоно.
 
Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулахын зэрэгцээ Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна.
 
Өнгөрсөн хугацаанд манай энхийг сахиулагчидтай хамтран үүрэг гүйцэтгэсэн НҮБ-ын болон олон үндэстний эвслийн цэргүүд, тэдгээрийн удирдлага, тухайн бүс нутгийн ард иргэд, төр захиргааны байгууллагууд Монгол цэргийн үйл хэрэг, хувь нэмэр, гавьяа зүтгэлийг ямагт өндрөөр үнэлж ирсэн билээ.
 
Газар зүй, байгаль цаг уурын ямарч нөхцөлд дасан зохицох чадвартай манай цэргийн алба хаагчид  нэгдмэл санаа зорилготой, чанд сахилга баттай, тууштай үйл ажиллагаагаараа  тавигдсан үүргийг амжилттай биелүүлж байгааг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн, одоо үүрэг гүйцэтгэж буй цэрэг дайчидын мэргэжлийн ур чадвараас тодорхой харж болно.  
 
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Мотобуудлагын батальон нь НҮБ-ын бие бүрэлдэхүүн, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд болон энгийн иргэд, барилга байгууламж, техник, тоног хэрэгслийг хамгаалах, хүчирхийллийг таслан зогсоох, мөргөлдөөнийг намжаах, аюулгүй байдлыг бэхжүүлэх, зэвсэг хураах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол цэргийн нэр хүндийг нутгийн оршин суугчид төдийгүй, хамтран үүрэг гүйцэтгэж байгаа улс орнуудын цэргийн алба хаагчдын дунд өндөрт өргөн өөрийн байр сууриа баттай эзлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байна.
 
Түүнчлэн одоо үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальон мандатаар заагдсан эргүүл, цувааны болон лагерийн хамгаалалт, татан гаргалт, энгийн иргэдийг ундны усаар хангах, бүслэн нэгжих ажиллагаа зэрэг НҮБ-ын цэргийн хүчний бүхэл төрлийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ орон нутгийн бүтээн байгуулалтын болон олон нийтийн ажил, арга хэмжээнүүдэд манлайлан оролцож байгаагийн тод жишээ нь дэлхийн 80 гаруй орны 300 гаруй тамирчид оролцсон 25 км-ийн марш гүйлтийн тэмцээний рекордийг Монгол Улсын батальоны тамирчин дэд ахлагч Э.Бат-Эрдэнэ шинэчлэн тогтоож, Монгол цэргийн хурд хүч, тэсвэр хатуужил, эр зоригийг гайхуулсан бахдам амжилт юм.
 
БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх V ээлжийн цэргийн багийн захирагчаар ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн хурандаа Б.Баатар үүрэг гүйцэтгэнэ.
 
Цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага,  Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын нийт 850 орчим цэргийн алба хаагч Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ажиллагааны өмнөх бэлтгэл сургуулиа хангаж ажиллагааны газар орныг зориход бэлэн боллоо. 
 
Мотобуудлагын батальоны V ээлжийн бүрэлдэхүүний 11.8 хувийг Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын офицер, ахлагч нар бүрдүүлж байна. Мөн үүрэг гүйцэтгэх эмэгтэй цэргийн алба хаагчдын тоо 38 буюу нийт бүрэлдэхүүний 4 хувийг эзэлж байна.
 
Нийт цэргийн алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон. Давхардсан тоогоор Ирак, Косово, Афганистан Улс дахь олон улсын ажиллагаа, Сьерра Леон, Хойд Судан, Өмнөд Судан, Чад Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай цэргийн алба хаагчдаас бүрдсэн юм.