sonin.mn
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа өнөөдөр ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Тэд хоёр орны батлан хамгаалах салбарын өнө мөнх харилцааны тухай онцлоод цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцсон юм.
 
Монгол Улсын ОХУ-тай тогтоосон сайн хөршийн уламжлалт найрсаг харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг нь хоёр улсын цэргийн харилцаа байдаг билээ. Энэ харилцаа өнгөрсөн зууны эхнээс эхтэй, зуу гаруй жилийн уламжлалтай. Жанжин Сүхбаатар Хужирбуланд цэргийн алба хааж байхад Оросын зэвсгээр зэвсэглэж, Монголын цэрэгт Оросын сургагч нар урилгаар ирж ажиллаж байсан байдаг.
 
1921 онд Ардын хувьсгалын дараа Монгол орноос цагаантны цэргийг хөөн гаргахад Зөвлөлт Оросын улаан цэрэг хүч хамтарснаас эхлээд Монгол, Зөвлөлтийн харилцан туслах тухай 1936 оны протоколын дагуу Халхын голд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад цэргийн тусламж үзүүлж хамтарсан ялалт байгуулсан.
 
Энэ ялалтын 75 жилийн ойг бид өнгөрсөн онд Орос нөхдийн хамт ёслол төгөлдөр тэмдэглэсэн бол энэ жил Аугаа их Эх орны дайны болон Алс Дорнодын 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.
 
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнгөрсөн дөрөвдүгээр сард Олон улсын аюулгүй байдлын Москвагийн IV бага хуралд оролцох үедээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай уулзалт хийж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашдын чиглэлийн талаар санал солилцсон.
 
Цаашид Цэрэг-техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны (2014-2019 он) хоёр дахь хөтөлбөрийг хэрэгжүүлж эхний ээлжинд агаарын довтолгооноос хамгаалах цэргийн техник хэрэгслийг сайжруулахад илүү анхаарч хамтран ажиллахаа энэ үеэр тохирсон юм. Мөн Монголын цэргийн албан хаагчдыг ОХУ-ын цэргийн академи, их дээд сургуулиудад хөнгөлөлттэй нөхцлөөр болон тусламжийн журмаар сургах сургалтаа үргэлжлүүлэхээр болсон талаар тэд ярилцсан байна.
 
Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд Оросын Дорнодын цэргийн тойргийн анги салбаруудтай хамтран жил бүр зохион байгуулдаг уламжлалт хээрийн сургууль, дадлагаа үргэлжлүүлж энэ онд ОХУ-ын нутагт манай дайчид очиж оролцоно. Хоёр орны цэргийн багийн хамтарсан "Сэлэнгэ" сургууль ирэх сард ОХУ-ын нутаг дэвсгэрт болох юм.