sonin.mn
МХЕГ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Уг шалгалтын дүнг өчигдөр МХЕГ-ын Дэд даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.
 
Хөвсгөл аймагт усан замын тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хөвсгөл усан зам”, “Ашихай”, “Тосгол”, “Хөвсгөл трэвел”, Монгол нуур” компани, нэр бүхий 14 иргэн, 28 тээврийн хэрэгсэлд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар дээрх байгууллагууд 9-29 хувь буюу бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.
 
2012 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалттай харьцуулахад аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгсэл, найдвартай ажиллагаа сайжирсан, 6-18 хүний суудалтай, тохилог онгоцны тоо хоёр дахин өссөн, 1-2 хүний суудалтай завиар зорчигч тээвэрлэсээ зогсоосон зэрэг хэд хэдэн үзүүлэлт дээшилсэн байна.
 
Гэхдээ “Хөвсгөл усан зам” компаниас бусад байгууллага усан замын тээврийн хэрэгсэлд техник ашиглалтын хувийн хэрэг хөтлөөгүй, тээврийн хэрэгсэлдээ техникийн үйлчилгээ, засвар хийх үечлэл, норм, норматив тогтоож мөрдүүлээгүй зөрчил илэрчээ.
 
Мөн тээвэрлэлтийн замын чиглэл, маршрутаа эрх бүхий байгууллагаар албан ёсоор тогтоолгоогүй, аврах хантааз нь өмсөх зааваргүй, “Ашихай” компанийн усан онгоцны зогсоол аюулгүй ажиллагааны шаардлагад нийцээгүй, стандартын дагуу төхөөрөмжлөөгүй, орох гарах зам гэрэлтүүлэггүй байжээ.
 
Шалгалтын явцад илэрсэн 12 зөрчлийн зургааг газар дээр нь арилгуулж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага, зөвлөмж, өгсөн байна. Даргын зөвлөлийн хурлаар илэрсэн зөрчил, дутагдлын мөрөөр авах арга хэмжээний саналыг Зам, тээврийн яам болон Далайн захиргаанд албан тоотоор хүргүүлэхээр тогтжээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг