sonin.mn
Улаанбаатар хотод энэ сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Чингэлтэй дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны үерийн далан, суваг, гуу, жалгын дагуу хуримтлагдсан хог хаягдлыг “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээний” ХХК-иас 15 хүн нэг машинтай цэвэрлэгээний бригад гаргаж ажиллажээ.
 
Цэвэрлэгээний хүрээнд 6050 м2 талбайг цэвэрлэж, нийт 12.2 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна. Мөн үерийн улмаас бохирдсон 300м2 зам, талбайд дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 4 хүн нэг автомашинтай ажиллаж, хлорын шохойн сүүн уусмалаар ариутгал халдваргүйжүүлжээ.
 
Хог хаягдал цэвэрлэх, ариутгаж, халдваргүйжүүлэх ажилд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, ахмад Л.Тамир хяналт тавьж удирдлагаар ханган ажилласан аж. Үргэлжилсэн борооны үерийн улмаас 10,11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” захын урд болон зүүн талын Нуурын 16,17 дугаар гудамжны дагуу байрлах үерийн далангуудад эвдрэл гэмтэл гарчээ.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг