sonin.mn
ХӨСҮТ-өөс “Харвони” эмийг “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд энэ оны 10 дугаар сарын сүүлээр 1200 америк долларын үнэтэйгээр иргэдэд нийлүүлэх төлөвлөгөөтэй байна.
 
Манай улсад элэгний хепатит С вирүс өвчний халдвар өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа учраас хамгийн үр дүнтэйд тооцогдсон дээрх эмийг хэрэглэх шаардлагатай. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
 
Энэхүү эмийн албан ёсны борлуулагчаар “Омбол” ХХК эм ханган нийлүүлэх байгууллага ажиллах бөгөөд эмийг цахим жорын дагуу олгох юм.
 
Нийслэл болон аймгуудад хепатитийн С вирүст халдвартай хүнийг эмчлэх хувийн хэвшлийн болон улсын ЭМБ-ын нийт 130 гаруй эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж байна.
 
Мөн вируст хепатитийн халдвартай хүмүүсийг хяналтанд авах зорилгоор “Вирүст хепатитийг илрүүлэх, сэргийлэх үндэсний цогц хөтөлбөр”-ийн төслийг боловсруулсан нь одоогоор батлагдах шатандаа явж байгаа юм.
 
Хэрэв та хепатит С вирүсын халдвар авсан эсэхээ мэдэхийг хүсвэл өрхийн болон сум дүүргийн ЭМТ-д хандаарай. Та халдвартай тохиолдолд уг өвчний талаар сургалтанд хамрагдсан халдвартын болон дотрын эмчид үзүүлнэ. Хепатитийн С вирүс тоолох шинжилгээг хөндлөнгийн хяналтанд орсон лаборторид хийлгэх юм. Мөн эм олгох гэрээтэй эмийн сангаас эмчийн цахимаар ирүүлсэн жорын дагуу эм худалдан авна.
 
Манай улсын хүн амын 10-15 хувь нь элэгний С вируст хепатит халдвартай байна. Вирүст хепатит гэдэг нь элгийг гэмтээдэг, хоорондоо адилгүй хэд хэдэн төрлийн вирүсээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм. Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг есөн төрлийн (A,B,C,D,E,G,F,TT)  вирүс байгааг эрдэмтэд тогтоогоод байна.
 
Харин сүүлийн жилүүдэд манай улсад А,В,С,D вирүсийн халдварууд зонхилж байгаа ажээ. Өвчний шинж тэмдгийн хувьд арьс, салст шарлах, хоолонд дургүй болох, бөөлжих, халуурах, хэвлийгээр өвддөг. Харин өвчний халдвар нь эхээс урагт, мөн цусаар, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор халдварладаг байна.
 
Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 2010 оны 63/9, 2014 оны 67/6 дугаар тогтоолоор гишүүн улс орнууддаа “ Вирүст хепатитийг хяналтанд авах стратеги” хэрэгжүүлэхийг уриалсан юм. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс вирүст хепатитийн стратеги төлөвлөгөөг 2030 он хүртэл хэрэгжүүлэх ажээ.
 
 
 
М.Ихэрбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг