sonin.mn
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар “Номин” констракшны  “River garden” хотхон, “Жигүүр ганд” группийн “Park view “, иргэн н.Төмөр-Очирын  барилгын талбайтай танилцлаа.
 
“Барилгын  ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам” ирэх наймдугаар сарын нэгний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжих юм. Барилгын салбарын хэмжээнд анх удаа ийм журам нэвтрүүлж байгаатай холбогдуулан БХБЯ-наас барилгын компаниудад  энэхүү журмын талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулж байна.
 
Үзлэгээр компаниуд зөрчил дутагдалтай ажиллаж байгаа нь тогтоогдсон бөгөөд цаашид зөрчилгүй ажиллах  тал дээр анхаарч ажиллах болно гэдгээ хэлсэн юм. River garden” хотхоны хувьд аюулгүй байдал, эрүүл ахуйн орчинг хангаж ажиллаж байгаа ч туул голын сав газар барилга барьж байгаа учраас урт хугацааны чанар, баталгаандаа анхаарч ажиллахыг санууллаа.
 
“Барилгын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хийгдсэн, удахгүй батлагдах болно. Тус хуулинд барилгын баталгааг гурван жил байсныг 40-60 жил болгож өөрчилсөн  учраас иргэдийг чанартай, эдэлгээ даах байраар хангах ёстой гэдгийг сайд Д.Цогтбаатар сануулсан юм.
 
“Park view”  хотхоны хувьд барилгын аюулгүй байдал зөрчигдсөн хэд хэдэн дутагдал байгааг сануулж, долоо хоногийн дотор зөрчлүүдээ арилгаж шалгуулах үүрэг даалгавар өглөө.
 
Гэнэт хийсэн энэхүү шалгалтанд бүдэрч байгаа нь барилгын талбайн аюулгүй ажиллагааг мөрдөхгүй байгаагийн илрэл, тиймээс ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхлэх гэж байгаа “Барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журам”-ыг мөрдөж, бүх ажилтан, албан хаагчид дээрх журамтай танилцаж, мөрдлөг болгох  хэрэгтэй гэлээ.
 
Иргэн н.Төмөр-Очирын  барилгын хувьд  сар гаруйн өмнө барилга дээр нь ажиллаж байсан ажилчин эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан учраас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил дутагдлаа хэрхэн арилгаж байгааг шалгасан юм.
 
Гэвч уг компани нь барилгын ажлыг гүйцэтгэхдээ тухайн ажлынхаа технологи ажиллагаанд тохирсон аюулгүй ажиллагааны арга хэмжээг төлөвлөж, зохион байгуулаагүй, хаалт хамгаалалт хийгээгүй,  цахилгааны эх үүсвэрийг тусгаарлаагүй, ажилчид нэг бүрийн хамгаалах хэрэгслийг өмсөж хэвшээгүй байгаа нь ноцтой эрсдэл гарч болох магадлал өндөр байлаа.
 
Тиймээс  сайд тус барилгын ажлыг өнөөдөр ч зогсоож болохоор байдалтай байна гэдгийг нь анхааруулаад  долоо хоногийн хугацаанд яамнаас ажлын хэсэг гаргаж, заавар зөвлөгөө өгч дэмжиж ажиллах ба энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв.
 
Барилга, хот байгуулалтын Сайдын нэрэмжит хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн энэхүү үзлэг цаашид тогтмол явагдах бөгөөд холбогдох мэргэжлийн баг компаниудад мэдэгдэхгүйгээр шууд очиж, байдалтай нь танилцаж, шаардлага тавьж ажиллах болно гэдгийг онцлов.
 
Иргэд, барилгын ажилчид, албан хаагчид өөрсдөө эрүүл мэнд амь насаа хамгаалж, аюулгүй байдлаа хангаж ажиллах хэрэгтэй. Амь нас, эрүүл мэнд гэдэг хамгийн чухал болохыг өнгөрсөн хойно нь ухаарах  биш,  өмнө нь анхаарч өөрсдийгөө хайрла гэдгийг санууллаа.
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг