sonin.mn
Хөдөлмөрийн үндэсний нам Үндсэн хуулийн асуудлаар УИХ-д шаардах бичиг хүргүүлсэн юм. Энэ талаар тус намын гишүүн Д.Миеэгомбоос тодрууллаа.
 
-Танай нам наадмын өмнөхөн  УИХ-д шаардах бичиг хүргүүлсэн.  Тэр юу болсон бэ?
 
-УИХ-аас Үндсэн хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсантай холбогдуулж  манай намаас өнгөрсөн сарын 26-нд УИХ-д шаардах бичиг хүргүүлсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3 дугаар зүйл,  3.5-ын 1-д зааснаар  УИХ- Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотойгоор төслийг санаачлах, боловсруулах, хэлэлцэж батлах бүхий л үйл явцад иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намууд, ард нийтийг оролцуулах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
 
Тиймээс энэ үүргээ биелүүлэхийг  бид шаардаж  байгаа юм. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь ярьж болох асуудал. Гэсэн хэдий ч тэр шийдвэрийг гаргахын тулд, ажлын хэсэг томилох, төсөл боловсруулах бүхий л үйл явц нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.5.1-д заасны дагуу явагдах учиртай. Гэтэл УИХ-аас шаардлагын хариуг одоо болтол өгөөгүй байна.
 
-Шаардлагад хугацаа заасан уу?
 
-Хуулийн нийтлэг журмаар 14 хоногийн дотор хариу өгөх ёстой. Шаардлагатай бол хугацааг сунгадаг. Хугацаа сунгасан бол бидэнд мэдэгдэх ёстой, гэтэл чимээгүй байна. Харин  УИХ-ын ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр гишүүн бидэнтэй уулзаж,  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага, хэрэгцээний тухай ярилцсан.  
 
Бид албан ёсны хариуг УИХ-аас хүлээж байгаа. Ээлжит бус чуулган ирэх сарын 3-нд товлосон ёсоор хуралдах үеэр хариу ирүүлэх байх гэж найдаж  байна. Шаардлагынхаа  хариуг авсны дараа олон нийтэд мэдээлнэ.
 
-Хариу өгөхгүй бол дараагийн алхам юу байх вэ?
 
-УИХ-ыг дэгээ зөрчлөө гэх юм уу, албан ёсны хариу өгөөгүй гэдэгт ямар нэгэн улстөрийн тоглолт хийх хүсэл  бидэнд алга. Хамгийн гол нь шаардлагын агуулга чухал. Зөвхөн бидний эрхийн асуудал биш ард түмний, хууль тогтоомжийн дагуу авч үзвэл түрүүнд дурдсан нэгэнт байгуулагдаж бүртгүүлээд эрхээ авсан улс төрийн олон нам, олон нийтийн байгууллагууд байна.
 
Тиймээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал зөвхөн парламентад суудалтай намуудын эрх ашгийн асуудал биш. Хуулийн дагуу оролцох оролцоог хангах, хангуулах асуудал чухал болохоос үүн дээр дөрөөлж улс төр хийх  зорилго бидэнд байхгүй. 
 
Л.Хэрлэн