sonin.mn
Улсын Их Хурлын тав дахь удаагийн ээлжит сонгууль 2008 оны зургадугаар сарын 29-ний өдөр болж, улс төрийн 11 нам, 1 эвслээс нийт 356 хүнийг нэр дэвшүүлсэн байна. Мөн 45 хүн бие даан нэр дэвшжээ. Сонгуулийн дүнд МАХН /хуучин нэрээр/-аас 45, АН-аас 287 нэр дэвшигч, Иргэний эвслээс 1, Иргэний зориг намаас 1, бие даагч 1 хүн Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон байна.
 
 
2008 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиас үүдсэн маргаан болон 2008 оны долдугаар сарын 1-нд болсон нийгмийн эмх замбараагүй байдлын сөрөг нөлөөнөөс хамаарч энэ үед улс төрийн хүрээнд үл ойлголцлын байдал үүсч, намууд нэгдмэл байр суурьт хүрч чадахгүй, шинээр сонгогдсон төрийн түшээд товлосон хугацаандаа тангарагаа өргөж амжихгүй цаг алдаж байв.
 
Гэсэн хэдий ч Улсын Их Хуралд хамгийн олон суудал авсан Монгол Ардын Нам /тухайн үеийн МАХН/ Ардчилсан Намтай засаглалын эрхийг хамтдаа барих, 2012 он хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн. Энэ бол нэгдмэл үйл ажиллагаа явуулах түүхэн боломж, бодит нөхцөл байв. Улсын Их Хурал хамтарсан Засгийн газрыг үйл ажиллагаагаа явуулах боломжоор бүрэн хангаж өгсөн.
 
 
Энэ удаагийн Улсын Их Хурал бүтцийн хувьд өмнөх сонгуулийн Улсын Их Хурлын 7 Байнгын хорооны бүтцийг хэвээр хадгалж, Улсын Их Хурлын даргаар Д.Дэмбэрэл, Улсын Их Хурлын дэд даргаар Н.Энхболд, Г.Батхүү нар тус тус сонгогдож ажилласан байна.
 
Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд бие даасан 111 хуулийг батлан гаргаж, 485 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан, олон улсын гэрээ, конвенци, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 59 хуулийг баталжээ. Түүнчлэн Улсын Их Хурлын 351 тогтоолыг баталсан байна.
 
Энэ удаагийн Улсын Их Хурал Сонгуулийн хуулиа шинэчлэн баталсны зэрэгцээ мөн Шүүхийн тухай, Байгаль орчны тухай багц хууль, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэдийнхээ орлогыг өсгөж, амьжиргааг дээшлүүлэх бодлогын олон чухал баримт бичиг баталжээ.
 
Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд Оюутолгой, Тавантолгойн стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах түүхэн шийдвэр гаргасан нь улс орны хөгжлийг хурдацтай урагшлуулах нэгэн алхам болсон юм. Энэхүү шийдвэр эдүгээ нэгэнт ажил хэрэг болж, үр шимээ өгч эхэлснийг тэмдэглэх нь зүйтэй.
 
 
2008-2012 оны Улсын Их Хурлын бодлого, шийдвэрийн нэг гол чиглэл нь хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбартай холбоотой байв. Төрийн зүгээс малчдаа дэмжих нь Монголын хөгжлийн зайлшгүй шаардлага, үндэсний эрх ашиг гэж Улсын Их Хурал үзэж ирсэн билээ.
 
Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргаснаар хөдөөгийн хөдөлмөрчдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролыг дэмжих, нийгмийн баталгааг хангах суурь зарчим тодорхойлогдож, цаашдын чиг хандлагыг улам тодорхой болгов. Мөн Улсын Их Хурлаас батлан гаргасан “Монгол мал” хөтөлбөр нь төрийн зохицуулалтгүй байсан мал аж ахуйн салбарыг дэмжсэн, мал малчид уруугаа анхаарсан шийдэл болсон юм.
 
Энэ хугацаанд эдийн засгийн урамшууллын механизмыг зөв ашигласнаар салбаруудын ажилд томоохон ахиц дэвшил гарчээ. Мал 50 саяд хүрч, үр тариа, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангах боломжтой болов. Барилгын ажил өрнөлттэй явагдаж, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарав. 2008 онд 9.8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2011 онд 30.9 сая тонн нүүрс, 5.8 сая тонн төмрийн хүдэр олборложээ.
 
 
Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд давхардсан тоогоор гадаадын 44 орны парламентын дарга, дэд дарга болон парламентын төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны болон ажлын айлчлал хийжээ. Монгол Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Улсын Их Хурлын гишүүд болон Тамгын газрын удирдлага, ажилтнууд давхардсан тоогоор 50 гаруй удаа гадаад оронд албан ёсны болон ажлын айлчлал хийсэн байна. Түүнчлэн Ази, Номхон далайн парламентчдын 19 дэх удаагийн чуулга уулзалтыг анх удаа эх орондоо амжилттай зохион байгуулсан байна.
 
 
2008-2012 оны Монгол Улсын Их Хурлын онцлог үйл явдлуудыг дурдвал:
 
- 2009 оны 6 дугаар сарын 04-ны өдөр Цахиагийн Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын хууль батлагдав.
 
- Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдуулав.
 
- Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2010 оны 10 дугаар сарын 20-нд болов.
 
- Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Анжела Меркель Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалтай холбогдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болов.
 
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болов.
 
- Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Хүндэтгэлийн уулзалт 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордны их танхимд болов.
 
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд үг хэлэх болсонтой холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 17-ны өдөр болов.
 
- Энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг гурвантаа хуралдуулжээ.
 
 
 
 
 
 
 
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс