sonin.mn
Сэлэнгэ аймгийн Мандал суманд хадлан, бэлчээрийн газрыг зөвш өөрөлгүйгээр давхар хашсан зөрчил илэрчээ.
 
Тус сумын нутаг “Бороо” хэмээх газарт эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Макс агро” ХХК нь өөрийн эзэмшлийн тариалангийн талбайг хамгаалж хашихдаа ойр орчмын хадлан бэлчээрийн газрыг зөвшөөрөлгүйгээр давхар хашсан зөрчил илэрсэн байна.
 
Иймээс Мандал сумын ЗДТГ-аас тус газрыг нэн даруй чөлөөлөх албан шаардлагыг тус компанийн захиргаанд хүргүүлжээ. Энэ мэт малын бэлчээр, хадлангийн талбайг дур мэдэн хашсан ААНБ-уудыг газрын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авч ажиллахаа тус сумын ЗДТГ-аас мэдэгдлээ.
 
Гурван талт гэрээ байгуулжээ
 
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-аас энэ онд малчин, тариаланч, аж ахуйн нэгж хооронд үүсэх харилцааг зохицуулахад гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж байгаа ажээ.
 
Тийм ч учраас малчин, тариаланчдынхаа зөвлөгөөнийг энэ чиглэл рүү хандуулсан байна. Ингээд тус зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн дагуу багийн Засаг дарга, малчин, тариаланч нарын дунд гурван талт гэрээ байгуулан ажиллаж эхлээд байгаа аж.
 
Энэхүү гэрээ нь таримал ургамал, тариалангийн талбайг мал тэжээвэр амьтдаас хамгаалах, гарсан зөрчлийг нэн даруй шийдвэрлэх, талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгджээ.
 
Зөвшөөрөлгүйгээр нүүн ирсэн байна
 
Тус аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр шилжин ирэгсэд ихсэж байгаа гэнэ.  Тухайлбал Мандал сумын “Төмөр замч”-дын 1-р багийн нутаг дэвсгэр болох “Тэрэгтийн хөндий”-д зөвшөөрөлгүйгээр Шарын гол, Хонгор, Баянгол сумын харъяат малчин өрхүүд нүүн ирж байгаа ажээ.
 
Иймээс эдгээр өрхүүдийг өөрийн харъяа сумын нутаг руугаа буцаж шилжин нүүхийг Мандал сумын ЗДТГ-аас албан ёсоор шаардсан мэдэгдлийг тус малчин өхүүдэд хүргүүлээд байгаа гэнэ.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг