sonin.mn
Булган аймгийн бүх сумын багийн эмч нар, байгаль хамгаалагч нарт мотоциклтой боллоо.
Нийт 45 эмч, 30 байгаль хамгаалагчийг "Hyundai" корпорацийн эдгээр мотоциклоор хангажээ.
 
Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрт багтсан энэ ажлыг ЗДТГ–ын нөөцөөс санхүүжүүлжээ. Аймгийн байгаль хамгаалах нөхөн сэргээх сангийн зардлаас 125,4 сая төгрөгийн санхүүжилтээр "Протек" ХХК нээлттэй тендерт шалгарч уг унааг нийлүүлсэн байна.
 
Цогтхунтайжийн талбайд уг мотоциклийг гардуулах ёслол болж, аймгийн засаг дарга Д.Эрдэнэбат, тамгын газрын дарга Г.Батболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Дайвий–Од нар хүрэлцэн ирлээ.
 
Аймгийн Засаг дарга "Аймгийн Засаг даргын “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрийн 450 зорилтын нэг нь хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө энхийн манаанд зогсож байгаа багийн эмч нар, ногоон хөгжил, ногоон эдийн засгийг бий болгохын төлөө цаг наргүй ажиллаж байдаг байгаль хамгаалагч нараа унаажуулах байсан билээ. Байгалийн нөөцийг хамгийн үр ашигтай ашиглаж, ирээдүй үедээ байгалийн нөөц баялаг, эко системийн үйлчилгээний үнэ цэнийг өвлүүлэн үлдээх боломжийг хангасан Ногоон хөгжлийн загвар аймаг бий болгоход байгаль хамгаалагчидийн үүрэг оролцоо хамгийн их учраас та бүхнийг ажиллах нөхцөл боломжоор хангахад шат дараатай анхаарсаар ирсэн, цаашид ч анхаарч ажиллах болно" хэмээн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.
 
П.Батням
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг