sonin.mn
“Аж богдын харуул нь
Амгалан болоод тайван байна
Албанд мордсон хүү тань
Амар болоод эсэн мэнд дээ”,
“Даа вангийн хошууны
Даваат залангийн
Түмэн агтны түрүүнд
Дүүлж явдаг байлаа”
 
Түүнийг уншигчид жийнсэн хослол, бүрх малгайтай, гитар барьсан хэвээр нь төсөөлсөөр байдаг билээ.1990-ээд оны дунд үед жинхэнэ од болж, жентльмэн, дуучин хэмээн олонд танигдсан Т.Бат-Оргил хэсэг сураг алдарсан нь улс төрд хүч үзэхээр өөрийгөө бэлтгэж байсан хэрэг байж.
 
-Та МАН, МАХН хоёр салахаас ч бүр эрт, улс төрийн ууган хүчин МАХН-ыг сонгож элссэн, сүүлд АНУ-аас буцаж ирээд МАН-ын гишүүнчлэлтэйгээр ажилд томилогдож явсан. ХҮН хэмээх шинэ намыг сонгосон тань сонирхол татаад байна л даа?
 
-Энэ хувь хүний хөгжилтэй шууд холбоотой. Үнэнийг хэлэхэд би яг ямар үзэл баримтлалтай гэдгээ ч гүйцэд ухамсарлаагүй байх үедээ буюу 1996 онд МАХН-д элсчихсэн. АНУ-д очоод төрийн захиргааны мастерын зэрэг горилохдоо улс төрийн шинжлэх ухааныг нэлээд гүнзгийрүүлж үзсэн.
 
Тэр үеэс л би ямар үзэл баримтлалтай, итгэл үнэмшилтэй хүн бэ гэдгээ илүү ойлгосон. АНУ-аас ирээд МАН-ын үйл ажиллагаанд оролцож хэсэг явахдаа Монголд одоо оршиж байгаа намын дотоод тогтолцоо нь буруу байна гэдгийг илүү мэдэрсэн. Тогтолцоо буруу байгаа нь хувь хүнээс нэг их хамааралгүй, систем нь гажчихсан байхгүй юу. Нам гэдэг нь фракцуудын нэгдэл төдий зүйл болж.
 
Фракц нь итгэл үнэмшлээр биш, явцуу эрх ашгаар нэгдсэнхэсэг бүлэг байна. Тэгэхээр нам нь өчнөөн олон мянган гишүүнтэй гэж байгаа ч тэднийгээ төлөөлж чадахгүй, хэдэн бүлэглэлийг л төлөөлж, тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг болж.
 
Намууд нь ийм болохоор Монгол Улс олон явцуу ашиг сонихрлын тэмцлийн талбар боллоо. Нам төрийн эрхийг авсан ч улсын бодлогыг авч явах чадваргүй фракцуудынхаа барьцаанд орчихсон нь харагдсан.
 
Би энэ гажиг тогтолцоо руу орохыг хүсээгүй. Аль нэг фракцад харьяалагдвал тэдэндээ уусна, бас л ялгагдахгүй нэгэн болно. Энэ бүхнийг өөрчлөхөд асар их цаг хугацаа, хүчин чармайлт хэрэгтэй. Тэр их хүчин чармайлтын үр дүнд энэ байдал нь өөрчлөгдөх эсэх нь бүрхэг.
 
Нэгэнт тогтчихсон намыг засах гэж хамаг цаг, хүчээ зарж байснаас арай өөр, илүү том зорилгын төлөө хүчээ өгмөөр байна. Ингээд л ашиг сонирхлоор биш итгэл үнэмшлээр нэгдсэн хүмүүстэй хамт зүтгэе, анхнаас нь суурийг нь зөв тавиад явъя гээд энэ сонголтыг хийсэн.
 
-Та Хөдөлмөрийн үндэсний намын удирдах зөвлөлийн гишүүн юм байна. Улс төрд эргэлтгүйгээр орж байна гэж ойлгож болох уу?
 
-Тийм, тийм. Улсынхаа бодлогыг өөрчилье, засъя, залруулъя гэж бодож байна. Өөрийнхөө төлөө гэхээс илүү үр хүүхдийнхээ төлөө үүнийг хийж байна. Үр хүүхдэдээ яаж ийм улсыг үлдээх юм бэ.
 
-2016 оны сонгуульд нэр дэвших нь ээ?
 
-Дэвших байх. Гэхдээ намын гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, хэн нь ямар ажил хариуцах, хэн хаана байвал илүү үр бүтээлтэй ажиллах вэ гэдгийг тооцож байж нэр дэвших хүмүүсээ нам шийднэ.
 
-Улс төрд идэвхтэй оролцъё гэж бодож байгаа хүний хувьд шинэ намд орсноос хүмүүсийн сайн мэддэг, олон гишүүнтэй хуучин намдаа байсан бол илүү амар, дөхөм биш үү?
 
-Амрыг нь харсан бол тийм л дээ. Би ямар нэг албан тушаал хүссэн бол тэр замыг сонгож болох байсан. Гэхдээ би тэгж барьцаалагдмааргүй байна. Аль нэг фракцын харьяанд орж байж л ямар нэг ажилд томилогдоно. Тэгээд гараа дөнгөлүүлнэ, өгөө аваатай болно. Тийм нөхцөлд улсын орны төлөө гэдэг бодлоосоо ухарч, дээш нь татсан хүнийхээ төлөө ажиллахаас аргагүй болдгийг би мэднэ. Тэгэхийг хүсээгүй.
 
-Улс төрд таны хийхийг хүсэж байгаа зүйл юу вэ?
 
-Нам болж талцдаг, улсын ажлыг намын харьяаллаар унагадаг энэ дампуу байдлыг засаж залруулахсан гэж бодож байна.Төрийн эрхийг хуваарилах онолын завхралыг засах хэрэгтэй. Үндсэн хуульд оруулсан засварын харгайгаар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажилладаг болсныг болиулмаар байна.
 
Хууль тогтоох гэж байгаа бол тэр ажлаа, гүйцэтгэх засаглалд ажилламаар байгаа бол түүнийгээ хийсэн шиг хиймээр харагдах юм. Ирц нь бүрдэж чаддаггүй парламент нь тарахын орондхуулиа байгаа байдалдаа тааруулаад засчихдаг ийм дампуу байдлыг халмаар байна.
 
-Засъя, залруулъя, болохгүй байна, бүтэхгүй байна гэж тун сайхан ярьж байгаад УИХ-д сонгогддог. Сонгогдсоныхоо маргааш л ярьж байсан зүйлээ таг мартаад нөгөөдүүлтэйгээ нийлээд явчихдаг олон жишээ бий.
 
-Хувь хүн бол хэзээд хувь хүн байдаг. Нөлөөнд автаж болно. Тэр хүний ард зөв чиглүүлэх институци байх ёстой.Бүхэл бүтэн институцийг тэгж амархан өөрчилж, нөлөөлж, уусгаж чадахгүй. Чухам тиймээс суурийг нь зөв тавьсан, зөв чиглэл барьсан институцийг бий болгохыг зорьж байгаа нь энэ.
 
-Бодсон зүйлээ хийхэд УИХ-д сонгогдох ч бас хангалтгүй. Нам нь УИХ-д олонх болж, гүйцэтгэх засаглалаа авч байж санаснаа бүрэн хэрэгжүүлнэ. Танай намд ийм зорилго, боломж бий юу?
 
-Манай намынхан бүгд сайн, бусад намынхан бүгд муу гэдэг үзлийг халмаар байгаа юм. Бусад намд ч зөв бодолтой, мэдлэг боловсролтой залуус олон бий. Ер нь Монгол Улсаа муу муухай болгоё, хорлоё гэж боддог хүн байдаггүй байх гэж итгэж байна. Намын тогтолцоо нь буруу болохоор тэд зөв зүйл бодсон ч түүнийгээ хэрэгжүүлэх боломж нь байхгүй, буруудаад яваа гэж хардаг.
 
Тэр зөв хүмүүсийг дэмжээд, харилцан ойлголцоод явах боломж бий. Хувийн эрх ашгийг бус улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг болчихвол яс булаалдсан ноход шиг хэмлэлдээд байх асуудал байхгүй болов уу.
 
-Таныг олон нийт одоо болтол дуучин Бат-Оргил гэж хараад, яриад байдаг. Та ямар мэргэжилтэй билээ?
 
-Дуулж хуурдах бол миний оюутан цагийн хообий. Оюутан байхдаа “Цовоо хонгор”, “Аж богдын харуул”, “Мөнхийн ус”, “Цаст уулын цэцэг” гэсэн дөрвөн дуу бичүүлсэн. Миний чөлөөт цагаараа,  сонирхлоороо хийсэн хэдэн дуу маань хүмүүст хүрээд, түүгээр маань хүмүүс намайг өнөө хүртэл харсаар байгаа нь нэг бодлын сайхан хэрэг. Аливаа зүйлийг сэтгэлээсээ, өөрийн чадах хамгийн сайнаараа хийхийг хичээдэг.
 
Тэр дуунуудыг хийхдээ ч би мэргэжлийн хүн биш, сонирхогч гэж хандаагүй. Тэгээд л хүмүүсийн сэтгэлд хүрч, өнөө хүртэл үлдэж чадсан байх. Өөр бусад салбарт хөдөлмөрийн баатар болтлоо ажилласан ч хүмүүст тэр бүр танигддаггүй бол урлагийн салбарынхан гурван дуу дуулаад л олны танил болчихож байгаа нь энэ салбарын онцлог юм даа.
 
Уг нь би эрхзүйч мэргэжилтэй хүн шүү дээ. Сургуулиа төгсөөд 1995 онд Хууль зүйн яаманд орсноос хойш өнөөдрийг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Өөрийгөө бас ч гэж муу хуульч биш болов уу гэж боддог. Мэргэжлийнхээ дагуу өшөө илүү их зүйл хиймээр байна. Манай салбарт хийж сайжруулах, өөрчилж шинэчлэх зүйл асар их байгааг мэдэж байна.
 
-Таны нэрний өмнө “Жентльмэн” гэдэг тодотгол бас явдаг?
 
-Бас л оюутан цагийн юм. Би “Тайхар” клубт явдаг байлаа. Тэр үед бодибилдингийн клуб одоогийнх шиг элбэг биш, бас ингэж өөрийнхөө тааваар явдаггүй байв. Бэлтгэл таслах, хожигдох гэдэг асуудал байхгүй, ийм асуудал гаргавал шийтгүүлнэ. Дасгал сургуулилалтаа яс хийнэ.
 
Багшийн үгнээс гардаггүй, хатуу сахилга баттай байв шүү дээ. Нэг өдөр Батсуурь багш дуудаад “Энхтайван, Ганбат та гурав тэмцээнд оролцоно шүү” гэсэн. Тэр тэмцээнд нь ороодтүрүүлсэн. Юм бүхэн шинэ сонин, хүмүүс мэдээллээр гулгиагүйбайсан үе болохоор “Жентльмэн” гэдэг өргөмжлөлийг бас их соргогоор хүлээж авсан байх.
 
-Таны санаачилсан “Реформ” клубийнхэн “Төрийн дуулал”-ыг өөрчилсөн гэж сонссон. Үнэн үү?
 
-Нэлээд хэдэн жилийн өмнөөс найз нөхөдтэйгээ нийлээд “Реформ” гэдэг клуб байгуулсан. Салбар салбарын олон нийтийн байгууллагуудын нэгдэл юм л даа.Өөр өөрсдийнхөө салбарын асуудлыг ярилцаж, тулгамдсан асуудалд шийдэл гарц хайдаг, төрийн байгууллагуудад санаа оноо, зөвлөмж зөвлөгөө өгөх зорилготой. Клубийн гишүүд маань соёл урлаг, боловсролын асуудлаар ярилцаад “Сүлдэт аялгуу” гэдэг төсөл хэрэгжүүлэхээр болсон.
 
Энэ төсөл Монгол Улсын соёл урлаг, боловсролын салбарын хөгжилд нэмэр болох, ард түмэн, улс үндэстний амин чанарыг сэрээж, сэргээх, Монгол иргэнийг хүмүүжүүлэхэд хувьнэмрээ оруулах том төсөл юм л даа.
 
Төслийнхөө хүрээнд “Төрийн дуулал”-д зохих засвар хийсэн. Хүмүүс тэр бүр анзаардаггүй болохоос “Төрийн дуулал” эгшиглүүлэхэд тулгардаг зөндөө асуудал байдаг юм.
 
Хэд хэдэн байгууллага нийлээд “Төрийн дуулал”дуулах гэхээр партитур нь зөрдөг, хэмнэл нь өөр байдаг, хуучин, шинэ партитур холилдчихсон, шинэ үгэн дээр хуучин партитураар тоглодог гэхчилэнэмх замбараагүй юм их бий. Энэ бүхнийг эмх цэгцэнд оруулъя гэсэн зорилго тавьж, түүнийгээ амжилттай хийчихээд байна.
 
-Ямар засвар оруулсан бэ?
 
-“Төрийн дуулал”-ын ноотыг ОХУ-ын Санкт-Петрбургийн хөгжмийн дээд сургуульд суралцаж байгаа хөгжмийн зохиолч Баяраа руу явуулж, илүү өргөн дуугаралттай болгож, баяжуулсан. Тэгээд  Монголын хормейстрүүдийн холбооноос дүгнэлт гаргуулж,үгний хуваарилалт нь зарим газраа оновчгүй, дуулахад эвгүй байсныг засуулсан.\
 
ДБЭТ, Улсын филармони, Хөгжим бүжгийн коллежоос шилдэг  хөгжимчдийг цуглуулж уг партитураараа тоглууланолон улсын стандартыг хангасан бичлэг хийлгэж, ЦДБЭЧ-ын найрал дуучдаар дуулуулсан. Бичлэгээ Лондон руу явуулж, “Битлз”-ийн “Аbbey road” цомгийг хийсэн алдартай студид найруулга, тохиргоог хийлгэсэн. Мөн “Төрийн дуулал” хэрхэн бүтсэн түүхийг эрдэмтэн, судлаачдаар хийлгэж, хүндэтгэлийн цомог гаргасан.
 
-“Төрийн дуулал”-д өөрчлөлт, засвар оруулахыг хуулиар шийддэг байх аа?
 
-Тэгэлгүй яах вэ. Дурын нэг байгууллага ийм юм хийчихэж болохгүй л дээ. Бид мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан. Партитур, үгний хуваарилалт өөрчлөгдсөн болохоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Тэр талаар ажиллана.
 
-“Төрийн дуулал”-ын цомгоо борлуулах уу?
 
-Борлуулна. Цомгоо боруулаад олсон орлогоороо дараа, дараагийнхаа ажлыг санхүүжүүлнэ.
 
-Ямар ажил төлөвлөж байгааг тань сонирхож болох уу?
 
-Монголын алдартай хөгжмийн зохиолчдын гар бичмэл хаа сайгүй тарчихсан байдаг юм. Зарим нь ганцхан хувь байгаа. Тэр нь үрэгдэж  алга болбол тэр бүтээл дахин хэзээ ч эгшиглэхгүй гэсэн үг.
 
Үүнийг цуглуулж, эмхэтгэж хэвлүүлэх, хөгжмийн зохиолчдын нэрэмжит уралдаан зарлах, хөгжим судлаачдын бүтээлийг хялбаршуулсан гарын авлага хэлбэрээр сурагчдад хүргэж, хөгжмийн боловсролд нь хувь нэмэр оруулах, язгуур урлагаа түгээн дэлгэрүүлэх, сонгодог урлагийг хөгжүүлэхгээдбодож байгаа зүйл их л байна. Монгол гэдэг үндэстний оршин тогтнох, бусдаас ялгарах зүйл нь эд юм. Түүх, уламжлал, ёс заншил, үндэсний соёлоо өөрийн эд эс шигээ санадаг болбол манай улсын амин чанар сэргэнэ.
 
Эх сурвалж: "Үндэсний Шуудан" сонин