sonin.mn
Сайхан наадлаа 
 
Газар гандуу ч Тэнгэр тэтгэж сайхан наадлаа. Бороо хур залгаж, байгаль дэлхий өнгө заслаа. Мал, тариалангийн төлөв сайжирлаа. Баяр наадмын төгсгөлд гайхалтай нэг үйл явдал боллоо. Хүмүүс огт анзаарч ажиглаагүй л болов уу. Юув гэвэл, Төв цэнгэлдэхээс “Үндэсний үзэл” гэсэн үг анх удаа цуурайтлаа. 
 
Би хоёр чихээрээ (энэ хоёр чихний тухайд даруй доор тодруулна) сонслоо л доо. Би итгээгүй тул дахин бүх эх сурвалжуудаар шалгаж үзлээ. “Үндэсний үзэл” гээд үнэхээр хэлчихжээ. Сошиалаас татаж, цаасан дээр буулгаж ч уншлаа. 
 
“Үндэсний үзэл” хэмээн Ц. Элбэгдоржийн амнаас сая унажээ. Дээр Тэнгэр тийнхүү тулгаж шаардав уу, цагийн эрхээр хүний толгойд сая нэг юм оров уу, бүү мэд. Үнэн худал хэлэх үг олдохоо больсон уу, яасан. Битүү халуун өдөр аагтай айраг залгилахад тархи манарч, сэтгэл огшин зүрх хавиргаа дэлсээд юу хамаагүй бураад эхлэх ч байдаг гэх мэтийг энд орхие. Ам алдвал барьж болдоггүй гэж монгол үг. Би юу хэлчихвээ гэж мань хүн одоо эргэж хараад ч өнгөрсөн.
 
Ямар боловч, хүмүүсээ, монгол ахан дүүс ээ, монголын улс төрд “ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ” гэдэг үг хэллэг анх удаа албан ёсоор орж ирлээ шүү. Том гэвэл том үйп явдал. 17-р зууны үеийн Буддын,1911 оны Үндэсний, 1921 оны Ардын, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын дараа цөхөртөл хүлээгдээд тэвчээр барчихсан нь чухамхүү үндэсний үзлийн хувьсгал. Учир юув? Энэ нөхөр хэн хүний санаатай санамсаргүй хэлсэн ганц үг өлгөж аваад юугаа донгосоод унав?
 
Түрүүчийн бүх хувьсгалууд дан гадаад гаралтай байсан юм. Тиймээс үр дүн нь хүн ардын санаанд тэгтлээ хүрээгүйг эргэн санаарай. “Гадаадаар хувьсваас толгойгүй” гэж Богд хааны лүндэн шүү дээ, олон нийт тэр болгон мэдэхгүй байх. Гадаад эх үүсвэр, өдөөлт сэдэлттэй хувьсгалууд ямагт учир дутагдалтай, осол эрсдэлтэй. Үндэсний үзлийн хувьсгал бол дотоод мөн чанартаа тулгуурласан хувьсгал байх юм. Зарчмын ялгаа нь энэ.
 
Миний мэт заримууд муу мөртөө үндэсний үзэл тээж төрөх нь ёстой лайтай юмны нэг. Хуучин тогтолцооны үед хамгийн адгийн юм, өршөөлгүй гэмт хэрэг, үзэл суртлын эвлэршгүй дайсан нь үндэсний үзэл байв. Хуучин үед юм, миний математикийн багш, нэрт сурган хүмүүжүүлэгч, надаас хэд дахин илүү үндэсний үзэлтэн доктор X.Дарамбазар нэг удаа “Чи ч үндэсний үзэлтэй хүн дээ” гэж ихэд цөхөрсөн өнгөөр хэлж билээ. Үндэсний үзэлтэй хүнд ч үндэсний үзэл нь зөв зүйтэй, сайн сайхан юм биш байх гэж ойлгогддог байна л даа.
 
1970-аад оны сүүлчээр юм. Таних танихгүй зарим хүмүүс надад “Чи хөө, Бал даргад нэг их сайхан захидал бичиг оросоор бичээд өгчихөөч” гэж шаргуу гэмээр шаардах болов. Энэ явдал лав хоёр жил үргэлжилсэн. Би их бодсон. Нэг сайхан захидал оросоор бичих амархан. Нэг тийм захидал бичээд өгчих санаа надад өөрт ч төрсөн байв. Социализмын, түүний дотор Монголын асуудлууд хуримтлагдсаар байв. Үүнийг ажиглахад сүрхий намч юмуу, сайн номч байх хэрэгцээ байсангүй. Бага сага ажиглалт туршилт, дүн шинжилгээний л зүйл.
 
Хэрэв Ю.Цэдэнбалд бичихдээ хүрвэл чухам юу бичих, хүмүүс битүүдээ юу бичүүлэх гээд байсан нь гагцхүү үндэсний асуудал гэж ойлгогдож байв. Бусад бүхэн нь дагавар асуудлууд. Үндэсний асуудал хэзээ ч язгуур гол асуудал байна. Энэ бол социализмын үед туйлын доголдсон, капитализмын үед бүр мартагдаж болзошгүй асуудал. 
 
Бодож бодож би Бал даргад бичээгүй. Нэгд, социализм нь хүний мөн чанартай уялдсан томоохон хүндрэлтэй учрах болсныг анх ойлгосон ганц хүн бол лав Монголд, цаашлаад магадгүй социалист системд Ю. Цэдэнбал байсан гэж би хэлээд баталж болно. Хоёрт, Бал дарга, хөөрхий, үндэсний байтугай, жалганы үзэлтэй монгол хүн л байсан. Тэгээд хэн нь хэндээ юу хэлэх юм? Интернационалч социализмынхаа зураг төөргийг эцсийг нь хүртэл харахаас өөр яах юм?
 
Социализм нь онол, практикийн яхир хатуу систем. Үлгэр загвар нь ЗХУ. Энэ нөхцөлд Зүүн Герман, Унгар, Польш, Болгар зэрэг улс үндэсний үзэл, үндэснийхээ ашиг сонирхлыг хадгалах ямар нэг өвөрмөц арга зам, стандарт бус шийдэл олох эрмэлзэлтэй нь ажиглагдаж байсан юм. Социализмд харшлахгүй юм бодож олоход маш хэцүү. Барагтай бүхнийг хардаж сэрдсээр социализм хоцрогдож нурсан. Одоо юм бүхэн, хүн болгоныг хартай нүдээр харж цэрвэсэн ардчилагсад гэх хий солиотнууд бишгүй байх ба ардчилал нь устах нигууртай ахул тэд л өөрсдөө устгана.
 
Угтаа социализмд огтхон ч харшлахгүй боловч “ах нар”-ын хардлага, дургүйцэл төрүүлсэн юмны нэг жишээ хэлье. Автомат электроник дижитал компьютерыг анх болгар үндэстэн Жон Атанасов АНУ-д зохион бүтээсэн түүхтэй. Компьютерын эцэг нь Атанасов. Энэ нь аль эртний буюу 1930-аад оны үйл явдал. Энэ сэжмээр хожим социалист Болгар улс Баруунтай бараг нэгэн зэрэг “Правец” гэдэг РС (персонал компьютер) үйлдвэрлэсэн юм. 
 
Барагтайхан юм байсан байх, гэхдээ л амжилт, эрмэлзэл. Гол нь болгаруудын үндэсний амбийц харагдсан хэрэг. Үндэсний амбийц социализмд маш харш. Цаашид юунд ч хүргэж болох аюул гэж үзэгдэнэ. Зөвлөлтөөс илүү гарах гээд байгаа юм уу, хаашаа юм гэсэн асуулт гарна. Зөвлөлтийн нөхдүүд “Правец"-д дургүй л байсан. Одоо Болгарын Ерөнхийлөгчийн ивээл дор компьютерын ухааны олон улсын уралдаан жил бүр явагддаг байна. Бас л үндэсний амбийц. Үндэсний асуудал, үндэсний үзэл гэхээр эцэстээ ердөө л үндэсний амбийцийн зүйл юм. 
 
“Үндэсний үзэл, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч чанар маргаашийн Монголыг сайн сайханд хөтлөх болно" хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч сая хэллээ. Ардчилсан хувьсгалын 25 жил эцсийн эцэст ийм дүгнэлтэд хүргэсэн бол сайн л байна. Харин гагцхүү “Маргаашийн Монголыг” бишээ, өнөөдрийн Монголыг. Монголын өвчин бол маргашизм гэж мөнөөх Зөвлөлтийн нөхдүүдийн хийсэн дүгнэлт шүү дээ. Энэ маргашизм нь манж ёс, шарын шашин хоёроос удамшсан ДОХ юм. Маргааш нь мянган жилийн дараа ч ирж болно. Өнөөдрийн Монголын сайн сайхан л бидэнд хэрэгтэй.
 
Дээр дурдагдсан гурамсан чанарыг танай толхи судлаач молхи хүн бээр бусдаас гуйж зээлдээгүй ирсэн юм. Монголын улс төрд үндэсний үзлийн агуулга нэвтэрч, төрийн бодлого, зорилгын зүйлийг цаашид тодорхойлох ахул монгол угсаатны үндэсний үзлийн онолын үндэслэл, түүний сурах бичиг даруй хэрэгтэй болно. Тийм сурах бичиг нь “Чинад Нууцын Монгол Орон” нэрийн дор наадмын урьд өдөр хэвлэлээс гарлаа.
 
Зөн совин, зүүд мөрөөдөл
 
Сайхан наадлаа. Монгол Улсын Сүлд дуу дэлхийн тэргүүн дуурийн дуучдын баритон хоолойгоор сансрын хязгааргүйд түглээ. Ингэж чадах их гүрэн ч өнөөдөр алга. Харин Монгол гурав тасравч хэт гүрний дайтай бус уу.
 
1868 онд буюу 147 жилийн өмнө итали, орос хэлээр хэвлэгдсэн II Вагbiere Di Siviglia дуурийн цомнол ховор ном надад бий. Хуучин үед Москвад багагүй үнээр олдсон ном. П. И. Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаан бол дэлхийд домгийн хэмжээний хэдийнэ болсон үзэгдэл. Түүнд Монгол хүн түрүүлмээр зөн төрж, совин татсан хэрэг.
 
Хосгүй цоглог эрэлхэг баритон хоолой Г. Ариунбаатар түрүүлээд Москвад болсон гала-концертод их Оросын урлаг, улстөрийн элитийг ангайлгаж алмайруулахдаа чухамхүү Фигарогийн алдарт арийг дуулах нь мэдээж зүйл. Жиоакино Россини ийм шалгуур тавьсан нь үнэмлэхүй шинжтэй юм. Санкт-Петербург хотноо болсон удаах гала-концертод манай дуучин үлэмж ялгаран гялалзаж П. И. Чайковскийн уралдааны гран-при шагнал хүртсэн нь Монголын ба дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал.
 
Ер нь бол сонгодог урлагийн салхи дорно тийш эргэсэн байна. Энэ талын зах зээлийн гуравны хоёрыг Азийнхан эзэмших боллоо гэсэн мэдээтэй. 20-р зууны дуурийн ба эстрадын дууны хаан нь давтагдашгүй гайхамшигт уянгын баритон Муслим Махаммад оглу Магомаев байсан тухайд урлагийн зүтгэлтнүүд санал нэгтэй ярьцгааж байна. Түүнийг гардан өсгөсөн эмээ ээж нь “Би жинхэнэ Казанийн татар эмэгтэй шүү” гэж бахархалтайяа хэлдэг байжээ. 
 
20-р зууны балетчин гэвэл татар Рудольф Нуреев маргаангүй мөн гэх мэт анзаарваас зохих гол жишээ баримт олон бий. Эцэст Тэнгэрийн салхи Монголын дарвуулд үлээж, манай далбааг цэнгүүлэх нь дамжиггүй. П.Чайковскийн уралдааны гран-при нь хэт өндөр төвшний үнэлгээ, шагнал тул тэр болгон хүртээх нь ховор. Энэ удаа түүний төлөө Оросын төгөлдөр хуурч Дмитрий Маслеев, манай дуучин Ганбаатарын Ариунбаатар хоёр л өрсөлдөх нь тодорхой болжээ. 
 
Гэтэл Санкт-Петербургийн гала-концертод Маслеев ямар нэг шалтгаанаар нурж, харин манай хүн улам урамтай гялалзан сонгодог урлагийн тайзнаа нугаршгүй хүчирхэг жүжигчин дэвшин гарч ирснээ харуулснаар асуудал нэг мөр шийдэгджээ. Саяхан л цагдаагийн найрал дуунд зогсож байсан энэ дуучин дэлхийд цойлон тодорсныг Оросын хэвлэлд орос үлгэрийн домогт баатар Илья Муромец пийшин дээрээ унтаж байгаад бууж ирсэнтэй зүйрлэсэн ч байна.
 
Ариунбаатар, Маслеев нар хоёулаа Буриад улсын нийслэл Улаан-Үдээс оролцсон нь анхаарал татахгүй байхын аргагүй сонин тохиолдол юм.
 
Монгол хүн зөнгөөрөө гэж үг бий. Ийнхүү миний зөн биеллээ. П.Чайковскийн нэрэмжит уралдааны шагналтнуудын гала-концертод В. В. Путин хүрэлцэн ирсэн нь ямар жинтэй үйл явдал болсныг харуулав. Фигарогийн алдарт арийг Г.Ариунбаатар дуулсан бичлэг нь зайлшгүй үзүүштэй юмны нэг шүү. Би хоёр өдөр арав гаруй удаа үзэхдээ жинхэнэ шинэ Монгол хүний түүхэн уламжлалт дайчин давшингуй, өөртөө үндэсний итгэл төгс сайхан дүрийг олж харж баярлан бахархлаа.
 
Тэнгэрийн зурсан зураг, хүний төрсөн төөрөг 
 
Угтаа би гэдэг хүн хөгжмийн мэдрэмж, сонирхолтой төрсөн мэт. Гэтэл бага ангид байхад жилдээ нэг удаа чих өвдөх. Шөнө гэнэт хоёр чих минь тэсвэрлэшгүй өвдөөд орилж хонох. Тэр Тэнгэр нь зүгээр байж байгаа хүүхдийн чих өвтгөж яах нь вэ гэж гомдмоор. Ингээд оросуудын ярьдгаар, чихэн дээр нь баавгай гишгэсэн хүн бий болов. 
 
Гэхдээ 8-р анги хагас дутуу төгсөхдөө сургуулийн номын санд байсан Иоханн Себастьян Бахын зохиолуудын нооттой лав гурван кило хүнд том номыг гэрлүүгээ аваад явлаа. Ноот сураад Бахын симфониудыг толгойдоо төсөөлөх гэсэн гэнэн тэнэг хэрэг л дээ. Зун цагийн хөдөөний ажпын хажуугаар тэр номыг нэг удаа эргүүлж харах ч зав чөлөө хэрхэн олдох.
 
6-р ангид хагас жилийн амралтаар багш нар хөгжмийн долоон ноот, соль түлхүүр мэтийг заасан нь (гэхдээ ямар нэг хөгжим дээр биш, онолоор) миний хөгжмийн боловсролын дээд шат юм. Хөгжмийн чадварын хувьд гэвэл, гүний уурхайд нэвтрэгч байсан хүний чих, гар хоёроос хөгжим горьдолтгүй нь ойлгомжтой. Хөгжим оролдоогүй биш боловч ерөөс сураагүй. Цэрэгт байхдаа хөгжмийн 5 зэмсэг дээр зэрэг тоглодог гайхамшигтай хөгжимчин жолооч цэрэг Чулуунаар заалгаад ч сураагүй.
 
Хөгжмийн системийг Пифагор нээсэн түүхтэй. Энэ нь математик зүй тогтол, хууль дүрэмтэй үзэгдэл. Эртний Грекээс уламжилсан европ соёл ухаанд хөгжим
ба математикийг адилтган үзэх ёс саяхан болтол хүчинтэй байв.
 
Хөгжмийн зохирол нь ертөнцийн зохирлын системийн үндэс болох тухай Пифагорын сургаалыг гараг эрхсийн хөдөлгөөний 3 хуулийг нээсэн Иоханн Кеплер баримталж дараах дүрсийг бүтээсэн юм. 5-р ангид би бараг суугаагүй юмдаг. Хараахан нэгдэлжээгүй, ардын аж ахуйтны үе л дээ. Хавар цаг, мал сүрэг судгийн ногоо хөөж энгэр газар тогтож идээшилсэн нартай цэлмэг дулаан өдөр. Сүргийн захад Тэнгэр ширтэн суугаад бодохнээ нь, нар сар, өдөр шөнө, өвөл зун, уул тал, ус өвс, хүн мал гээд бүх юмс үзэгдэл амьдралын төлөө зохицсон мэт сэтгэгдэл төрсөн маань надаас насан турш салсангүй өдий хүрэв.
 
Тэгэхэд миний үгийн санд “Зохирол”, тэр тусмаа “Систем” гэх мэт үгс мэдээж байгаагүй. Гэхдээ Ертөнцийн зохирлын систем гэж одоо хэлмээр нэг тиймэрхүү ерөнхий төсөөлөл бүрэг бараг хийсвэрлэгдсэн хэрэг. Кеплерын “Harmonices Mundi” гэх алдар цуутай бүтээл бий. Ертөнцийн зохирол гэсэн үг. Энэхүү Ертөнцийн зохирлын системийг нээж олох нь шинжлэх ухаан, танин мэдэхүйн туйлын зорилт юм шүү дээ. 
 
Орчин үеийн онолын физикийн ухааны нэр томьёогоороо бол квант орнууд ба суурь харилцан үйлчлэлийн нэгдсэн онолын гэх нарийн шинжлэх ухааны эцсийн асуудал дэвшин гараад 100 жил болж байна. Танин мэдэхүйн туйлын зорилт энэ асуудлыг бусдууд шийдэж чадсангүй. Харин Монгол хүн чадсан нь Superunified.org вэбсайтад бэлхнээ тавигдсан бий.
 
Дээр Тэнгэр молхи хүний хоёр чихний хөгжмийн сонсголыг устгахын цаана Ертөнцийн системийн тухай дахь миний төрөлх мэдрэмжийг математик зохирлын системийн судалгаанд дагнан хандуулсан бодлого, зорилго оршсон юм билээ.
 
Цөхөртөл хүлээгдэж байсан онолыг утга зохиолд эцсийн онол (Final theory), оршин буй бүхний онол (Тheory of Everything) гэж товчлон нэрлэх нь тогтсон заншил. Сүр бараатай нэр уснаас нь болоод урьдаас айж бэргэх огт хэрэггүй. Чухамхүү эцсийн онол, чухамхүү буй бүхний нэгдсэн үндэслэл учраас математик арга хэрэгслийнхээ хувьд маш хялбар тунгалаг онол юм.
 
Ердөө л хэн бүхний мэдэх чадах энгийн алгебрь. Эцсийн онол нь чухам цэвэр алгебрь байх ёстой гэж суут А.Эйнштейн амьдралдаа хамгийн сүүлд хэвлүүлсэн өгүүллийнхээ төгсгөлийн өгүүлбэрт зөгнөсөн байдаг. Энэ бол маш эрсдэлтэй прогноз. Манай үеийн суут жүүд онолчдын гол алдаа гэвэл, Эйнштейн гэх хөгшин зөнтөг үхэх сэхэхийнхээ хооронд ухаан санаа нь орж гараад дэмий бурчихсан гэж үзсээр ирсэнд оршино.
 
Гэтэл Эйнштейний онолын гэрээслэлийн ард маш хүчирхэг логик учир шалтгаанууд оршин буй. Чухам тэр учир шалтгаануудыг олохын тулд нэг бус, дэс дараалсан олон нээлт хэрэгтэй болж байгаа юм. Эдгээр нээлтүүд хийгдсэн учраас л Супернэгдлийн онол байгуулагдан боловсорсон билээ.
 
Жүүд нар бол Бурханаас сонгогдсон үндэстэн. Монголчууд та бид Дээр Тэнгэрээс заяат төрсөн угсаатан. Суут жүүд онолчид 20-р зууны өндөр дээд шинжлэх ухааныг бүтээсэн нь үнэн. Шинжлэх ухааныг төгсгөх нь та бид. Зүгээр л байгалийн хууль. Нарийн нандин учир жанцан, ээдрээ зангилааг нь дээр дурдсан шинэ номоос олж үзээрэй.
 
Орчин цагийн онолын физик нь математик арга хэрэгслийнхээ хувьд маш хэцүү ухаан. Тйимээс дэлхий даяар физикээр суралцах оюутан олдохгүй болчихсон үе бий. Дэлхийн томоохон их сургуулиуд түгшүүр зарласан. МУИС-ийн физикийн ангид 4-хөн оюутан бүртгүүлсэн удаа бий. Гэтэл харин нүүдэлчид бид аливааг хялбарчлах талын соёл ухаантай. Манай сантехникчдэд боломжийн мөнгө худлаа амлахад л тэд хэдэн орой консервны лааз нүдээд сансрын хөлөг босгоод ирнэ.
 
Үүн лүгээ адил Final Theory нь фундаментал онолын физикийг хязгааргүй хялбарчилж байгаа юм. Тэгэх ч ёстойг том толгой тэргүүлэх физикчид хүлээж байлаа. Хамгийн энгийн нь хамгийн сүүлд олддог гэж суут Гауссын математик хууль. Сүүлчийн тэмээний ачаа хүнд гэж монгол үг. Монголчууд та бид эцсийн, тиймээс үнэмлэхүй хүнд ачааг хүнд гэлгүй дааж тээлээ. 
 
Чингис хааны захиас ийм. Уншигч Та одоо Ерөнхийлөгчийнхөө сая хэлж сануулсан үндэсний үзэл гэдэг хүчирхэг харвах суурин дээр зогсоод бага сагахан тэн ачаа өргөж дааваас Монгол Улс дэлхийн соёл иргэншилд дахин тэргүүлнэ. Монголын улстөрд үндэсний үзэл гэдэг нэр томьёо сая наадмаар албан ёсоор орж ирсэн нь эцсийн хувьсгал, үндэсний дотоод хувьсгалын эхлэл. Үндэсний үзэл шиг хавчигдаж хяхагдсан юм Монголд байхгүй байсаар дөрвөн зуун өнгөрчээ. Ц. Элбэгдорж баймгүй их зориг гаргаж хэллээ. Тэнгэр шавдуулаад яг цаг мөчийг нь олоод хэлүүлчихжээ.
 
Ю.Цэдэнбалд бичээгүй мөртөө Ц.Элбэгдоржид үүгээр хандахын учир нь хялбархан. Социализм ганцхан хувилбартай. Надад бүү хэл, Балд гарц байхгүй. Ардчилал олон хувилбартай байж болох ба ёстой. Би гарц хэлээд өгвөөс Элбэг олон хувилбараас Монголын үндэсний Ренессанс сэргэн мандлын хувилбарыг сонгох боломжтой. Үндэсний дэвшлийн үндэслэл нь миний судалгааны үр дүн.
 
Бурхан ба Буг 
 
Гэрэл сүүдэр зэрэгцсэн энэ орчлонд Бурхан буй ахул буг бас олдох нь дамжиггүй. “Эйнштейний санаагүйг санасан нэг нөхөр бүтээлээ туурьвиж” байгаа нь галзуугийн шилдгийн шилдэг жишээ гэж манай үндэсний сонин баяр наадмыг угтан бичлээ. Намайг хэлж байгаа юм. Бараг уламжлал болчихсон зүйл. Уншигчид мэднэ л дээ. 
 
Гэхдээ нэр цээрлэсэн тул би бас энэ удаа нэр цээрлэе. Харин гагцхүү үндэсний эрхэм дээд үйлс, дэлхийн даяар ач холбогдолтой үйл явцын эсрэг тэмцлээ даамжруулах санаархалтай бол өрлөг түүхийн өмнө хар толгойгоороо дэнчин тавиарай гэж би эхнээс нь сануулсан шүү. Үндэсний үзэл бол хурц тэмцэл. Би үүнээс буцаж няцсангүй ирсэн хүн.
 
Эйнштейний юу санасан санаагүй, хэлсэн хэлээгүйг дурдсан сонин мэднэ гэвэл шал худлаасаа илүү мунхаг тэнэглэл. Эйнштейнийг уншина гэдэг чинь оюуны дээд төвшний асуудал. Ертөнц нэг хязгааргүй, хүний тэнэг бас нэг хязгааргүй, гэхдээ Ертөнцийн хязгааргүй нь наанатай цаанатай гэж Эйнштейний үг. Миний бие 4 настайгаасаа ямар тэнэг хүн болохоо мэдэх ба тиймээс тэнэгээ цаг ямагт хянаж, хязгаарлаж заншсан нэгэн.
 
Физик онолын ажил эхлээд харахад л утгагүй балай юм биш бол түүнээс үр дүн гарахгүй гэж бас Эйнштейний үг. Ийм шалгууртай. Нөгөө сониныхон үгүй ядахдаа сонжих замаар, шоолох зорилгоор миний вэбсайтыг нэг удаа нээгээд үзчих ухаан хүрээгүй нь лавтай. Нэгдсэн онолыг нээгээд харвал эхлээд л үнэхээр утгагүй балай юм буй. Тиймээс үр дүнд нь өнөөгийн физикт 10 жилийн нүсэр хөдөлмөр зарж, суперкомпьютерууд дээр хийдэг нэгэн аймшигтай тооцоог нэгдсэн онол маань 10 секундын дотор халаасны калькулятораар амжуулдаг жишээтэй юм. 
 
Нэгдсэн онол маань онолын физикт Эйнштейний дэвшүүлсэн эцсийн онолын асуудлыг Эйнштейний зөгнөж таамагласан тэрхүү математик арга замаар хэрэгжүүлж буй юм. Энэ өгүүлбэрийг олон удаа уншиж цээжил. Үндэсний эрхэм дээд үйл хэргийн эсрэг хандах нь хүний эрх чөлөө. Харин Супернэгдлийн онолд няцаалт байхгүй. Учир нь орчлон ертөнц няцаалтгүй.
 
Ер нь бол боловсрол гэж нэг юм байдгийг сүүлийн 25 жил арай хэтэрхий мартсан байна. Миний үеийн хэм хэмжээгээр бол 4-р анги төгсөх нь маш өндөр шинжлэх ухаанч боловсрол олж буй хэрэг. Учир нь, математик бол өөрөө өөрийгөө шалгадаг ухаан гэж нэг нь мэдүүлж, нөгөө нь мэдээд авахын тулд бага сургуулийн боловсрол байна. Бодлогынхоо хариуг чи өөрөө шалга гэж багш нар шаардаж загнахаа больчихсон юм уу, хаашаа юм. 
 
Нэгдсэн онол бол цэвэр математик. Тиймээс тэр математик нь өөрөө өөрийгөө шалгаад, буруу зөвөө ялгаад өгнө шүү дээ. Судлаач мэдээж хязгааргүй тэнэгийнхээ харгайгаар буруу бүхнийг хийнэ, бурууг нь математик тухай бүр автоматаар харуулаад өгнө. Судлаач бурууг таягдан хаяад зөвийг эрэлхийлнэ. Дэлхийг тэр чигээр нь могдорлох санаа агуулах хэрийн усан тэнэг олон олдохгүй учраас шинжлэх ухаанд, тэр тусмаа суурь онолын ухаанд ер хууран мэхлэх, залилан хийх логик үүсдэггүй юмаа.
 
Намайг галзуугийн үлгэр жишээ болгож сурталчилдаг сонины баримталдаг үзэл суртал тунчиг тодорхой. Тэдний хувьд Монгол хүний оюуны чадамж тэгтэй тэнцүү. Ингээд л итгэчихсэн. Энэ бол нийтлэг үзэгдэл, ганц тэр сонины итгэл үнэмшил бус. Тэр байтугай, Төр засгийн итгэл үнэмшил нь ялгаагүй ийм. Үндэсний эсрэг энэ бурангуй үзэл суртлыг зөвхөн мөнөөх үндэсний үзлээр л няцааж болно. 
 
Ер шинжлэх ухаанч сэтгэлгээ, сэтгэлзүй хаанаас, юунаас эхэлдэг юм? Хоёр хөлтөн, хохимой толгойтон хаана ч, хэзээ ч адилдаа адил, годилдоо годил гэсэн уламжлалт монгол томьёоллоос эхэлдэг юм шүү дээ. Эйнштейн үү, Эрдэнэ үү, адилдаа адил, годилдоо годил. Ингэж үздэг, энэ нь үнэнтэй учраас иргэний сургуульд шинжлэх ухаанаас өөр юм заадаггүй. Зорилго нь Эйнштейний дараа Эрдэнийг гаргаж ирэхэд оршино. Энэ чинь бас л бага сургуулийн боловсролын хэмжээний мэдэгдэхүүн шүү дээ.
 
Иймэрхүү маш энгийн юмыг манай олон нийт эргэн санахаас үйл явц эхлэх байх. "Insanity: doing the same thing over and over again and expecting different result" гэж Эйнштейний сонгомол тодорхойлолт. Нэг юмаа дахин давтан хийх мөртөө өөр үр дүн горьдохыг галзуу гэдэг юм байна. Тэгэхээр нэг юман дээр, тухайлбал, дан ганц ялзарсан либерал ардчилал дээрээ, их сайндаа хоёр толгой дээрээ гацаад зогсчихсон манай нийгэм бүхэлдээ галзуу юм бус уу. Галзуу нийгмийн солиотой нөхцөлд огт өөр юм хийж суугаа миний бие ганц галзуугаар бүртгэгдэх нь зүйн хэрэг.
 
Онолын физикчид хэдэн арван жил нэг л концепц, эхнээсээ буруугаар үл барам (Not even Wrong) нь тодорхой болоод буй үзэл баримтлалаа ухнадаж хий тавьцгаан ухаан мэдрэлгүй загнасан нь нэгдсэн онолын шийдлийг олоогүйн үндсэн шалтгаан юм. Улс төр бол жинхэнэ ёсоороо үндэсний амбийц байх ёстой гэж би хэдэн арван жил хэлж бичиж сууна. 
 
Одоогоор манайд үндэсний амбийцтай улс төрч нэгээхэн ч алга. Амин хувийн ашгийн сонирхолтон, зөрчилтөнгүүд л байна. Манай Ерөнхийлөгч нэг юм хэлэнгүүт мартаад дэвэн дэлхийгээр тэнээд яваад өгдөг зантай. Дэлхийгээс авах юм үзээд буцаагаад өгье гэсэн ч байхгүй. Монголдоо хэдэн өдөр төвлөрөх шаардлагатай. Дэлхийд өгөх юм зөвхөн Монголд байна. Айлаас эрэхээр авдраа ух гэж мөн ч мэргэн үг байдаг юм даа.
 
Үндэсний үзэл гэдэг үг хэллэг Монголын улс төрд үгийн төдий дурдагдсан байлаа ч том хувьсгал, учир нь дотоод мөн чанарын хувьсгалын өдөөлт. Тиймийн тул Фридрих Шопены алдарт “Revolutionary Etude” төгөлдөр хуурын бүтээлийг Ф.Шопены нэрэмжит олон улсын уралдааны гран-при шагналт Н.Ичингийн дуурсгаснаар Ютуб-ээс татан үзэж сонсоорой.
 
Хоёр соёл байна: уран сайхны соёл, оюун сэтгэлгээний соёл. Уран сайхны соёлын хувьд монголчууд ерөөс ижилгүй гэж би хэлдэг, энэ ч батлагдсаар байна. Одоо оюун сэтгэлгээний соёлд физик, математикийн нэгдсэн онолоор өртөөлөн нэвтэрснээр дэлхийн дэвшил, хөгжлийг хөтлөн жолоодох түүхэн боломж нээгдэж байнам.
 
Эпилог
 
II Ваrbier di Siviglia дуурь нь Россинийн өмнөх үеийн ч олон хүний нэртэй холбоотой урт түүх бүхий алдарт бүтээл. Түүний давхар нэр нь “Бүтэлгүй хуйвалдаан”. Хуйвалдагчдыг Фигаро ялдаг. Либерал ардчиллын нөхцлийг урван тэрслэх эрх чөлөө гэж ойлгогсод ялангуяа нийгмийн тодорхой төвшинд олон байна. 
 
Дайсан эхлээд дотоодод бий болдог жамтай. Энэ нь гадаад дайсан бий болох үндсэн нөхцөл. Монголын түүхийн судалгаа маань дэлхийн соёл иргэншлийн Монгол-төвт загварт хүргэлээ. Баталгаа нь нэгдсэн онолын нээлт боллоо. Энэхүү өрнөлийн эсрэг ухамсартай хуйвалдсан явцуу бүлэглэл олон жил ажиллаж, хүрээгээ төр засгийн төвшинд ч тэлсээр ирлээ. 
 
Яагаад үндэсний үйл хэрэгт хорсон тэчъяадах болов? Одоохондоо зөөллөж хэлбэл, тэнэг дээр нь мунхаг нүүрлэсний харгай байх гэмээр. Хатуурхахдаа хүрвэл, тусгай албад сонирхууштай учиг сэжим ч гарахгүй гэх газаргүй. Ямар боловч тэдний хуйвалдааны бүтэшгүй нь математик баталгаатай юм. 
 
Үндэсний сониноор намайг галзуучуудын уралдаанд шалгаруулагч бээр ерөөс хуучин, шинэ үеийн хараал бүхнийг хамж цуглуулан дахин хэвлэснээр бүү сонс гэсэн хар тангадын хараал хүрсэн хэрэг. Хамгийн сэрэмжүүлштэй нь энэ хараал.
 
Монголын үндэсний эрхэм дээд эрх ашгийн эсрэг үг хэл, үйл ажиллагаанд сайн муу аливаа дураар татагдан орох хэрэггүйг зөвлөе. Эцэст нь төр, түүх хоёр хариуцлага тооцож, тооцоо бодно.
 
 
Бусад бүхэн ерөөлөөр бүтнэ.
 
 
Судлаач Ч.Эрдэнэ