sonin.mn
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургууль эхэллээ. Энэ жилийн зуны сургуулийг БСШУЯ-ны сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг монгол судлалын гол төвүүдтэй хамтран зохион байгуулж байна.
 
Ирээдүйн залуу судлаачдыг монгол ахуй орчинтой танилцуулж, хэл соёлын амьд харилцааны дунд тусгай сургалт зохион байгуулснаараа монгол судлалын залгамж холбоог бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд бодит үр дүн болно гэж зохион байгуулагчид үзэж байгаа юм.
 
Залуу монгол судлаачдын зуны сургуульд Орос, Герман, Швейцарь, Чех, Унгар, Турк, Казакстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 11 орны 18 их сургууль, судалгааны төвөөс 29 залуу судлаач, оюутнууд оролцохоор хүрэлцэн иржээ.
 
Энэ удаагийн зуны сургуулийг монгол ахуй, монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний төв гэсэн хоёр өөр орчинд зохион байгуулна. Залуу судлаачид хөдөө малчны ахуй амьдралын дунд монгол бичгийн хэл, монгол ярианы хэл, монгол ахуйтай танилцах хичээлийг үзэхээс гадна Улаанбаатар хотод ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх-Археологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, СУИС, МУБИС зэрэг монгол судлалын сургалт-эрдэм шинжилгээний гол төвд судалгааны тодорхой чиглэлээр нэртэй эрдэмтдийн лекц сонсох юм.  
 
Монгол судлаачид монгол орон, монголчуудын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдээллийг түгээж, биднийг дэлхий ертөнцтэй зөв замаар холбох чухал гүүр болдог учраас гадаад орнуудад монгол судлалыг эрчтэй хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх чиглэлээр төрөөс тодорхой бодлого боловсруулж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна гэж албаныхан хэлж байна.
 
Цаашид монгол судлалын тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй гадаадын оюутан залуусыг Монгол улсын их сургуулиудад тэтгэлгээр суралцуулах, магистрант докторант нарыг богино хугацааны мэргэжил дээшлүүлэх тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг төлөвлөжээ. 
 
Зуны сургалт ирэх сарын 08-ныг дуустал үргэлжилнэ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг