sonin.mn
КИЕВ. /Reuters/. Украины зүүн нутагт сум ачсан цэргийн зориулалттай ачааны машин унаж явсан ОХУ-ын армийн офицер байж болзошгүй цэргийг Украины аюулаас хамгаалах байгууллага баривчилж байцаасан байна.
 
Хэрвээ тэрбээр ОХУ-ын цэрэг болох нь нотлогдвол, хоёрдугаар сард Беларусийн нийслэл Минск хотод байгуулсан гэрээг үл тоомсорлон, Украины дотоод хямралд шууд оролцсоор байна гэж Украин ОХУ-ын эсрэг зарга үүсгэх төлөвтэй байна.
 
Украины арми болон хилийн цэргийн ангийн мэдэгдсэнээр, “цэрэг баривчлагдах үедээ өөрийгөө ОХУ-ын армийн их бууны ангийн офицер гэж тодорхойлсон. Мөн түүнтэй хамт явсан нэгэн өөрийгөө Оросын талыг баримтлагч салан тусгаарлагч гэж хэлжээ”.
 
Хоёр цэрэг босогчдын хяналтад байгаа Донецк хотын баруун өмнөд хэсэгт орших Украины хүчний шалган нэвтрүүлэх цэг рүү чиглэн явж байсан бөгөөд Украины хилийн цэргүүд анхааруулгын дохио өгч гал нээсний дараа ачааны машин зогссон гэж тус улсын армийн хэвлэлийн төлөөлөгч Олександр Мотоцянок мэдэгдэв. Мөн тэрбээр, тэд замаасаа төөрч, манай шалган нэвтрүүлэх цэг рүү ирсэн гэж бид үзэж байна гэж мэдэгджээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг