sonin.mn
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр  Польш улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Михайл Рафал Лабенда-г хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн салбарт хоёр улс хэрхэн хамтрах боломжтой талаар товч мэдээлэл өгсөн юм.
 
Тэрбээр Монгол Улсад Аж үйлдвэрийн яам байгуулагдсанаас хойшхи хагас жилийн хугацаанд идэвх, зүтгэлтэй ажиллаж байгааг онцлоод Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах  бодлого УИХ-аар батлагдсаныг ноён Михайл Рафал Лабендад дуулгав.
 
Түүнчлэн Монгол Улс, Польш улстай хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байгааг дуулгасан юм. Мөн Монгол Улсын аж үйлдвэрийн салбар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлд бодит алхам хийж байгааг онцлоод цаашид экспорт, импортын зохист харьцааг баримтлахаа илэрхийллээ.
 
Харин ноён Михайл Рафал Лабенда Польш улсын талаас монголын бизнес эрхлэгч, компаниудтай хамтран ажиллах хүсэлтэй иргэдийн жагсаалтыг ойрын хугацаанд ирүүлнэ гэв. Дашрамд дурдахад, ирэх намар хоёр улсын Засгийн газрын комиссын хурлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.