sonin.mn
Монгол Улсад Ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ойн босгон дээр  "Зориг" сан, Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэн /БНОУХ/-гийн хамтын бүтээл “Монголд ардчилал эхэлсэн түүх” гэрэл зургийн цомог мэндэллээ. Өнөөдөр Блью Скай цамхагт болсон эл цомгийн нээлтийн ажиллагаа “Хонхны дуу”-гаар эхэлсэн юм.
 
Нээлтэд ардчиллын анхдагчдын нэг Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  Э.Бат-Үүл хэлэхдээ, “Юуны өмнө БНОУХ, Зориг сангийн хамт олонд талархал илэрхийлье. Ойрд уулзаагүй партизануудтайгаа уулзаад сэтгэл хөдөлж байна. “Хонх” хамтлагийн гишүүн, дуучин Н.Энхбаяр ирэх 12 дугаар сард Ардчилсан хувьсгалын дуу хоолой болсон “Хонхны дуу” мюзиклээр бэлэг барина. Ардчилсан сонгууль, ардчиллын үр ашгийг нэг үгээр хэлэхэд хэцүү.
 
Хамгийн гол нь монголчуудыг өөрөө өөрийгөө мэддэг болгосон” хэмээн ардчилалд шилжих үеийн түүхэн дурсамжаасаа хуваалцав. Тэрбээр энэ үеэр мөр зэрэгцэн тэмцэж явсан журмын нөхөддөө талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм.  Мөн БНОУХ-гийн Ерөнхийлөгч, Элчин сайд Марк Грийн 1990 оны Ардчилсан хувьсгалыг ямагт санан дурсаж байхыг онцлов.
 
Энэхүү гэрэл зургийн цомог нь Монгол Улсад тайван замаар өрнөсөн Ардчилсан хувьсгалын чухал мөчүүдийг англи, монгол хэлээр тайлбарын хамт, гэрэл зургаар өгүүлжээ.
 
Ардчилалд шилжсэн үеийн түүхэн дурсамжийг өнөөгийн Монголын хүүхэд залуучууд болон ирээдүй үед  өвлөн үлдээх зорилготой эл бүтээлийг  “Зориг” сан Монгол орон даяар буюу ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, номын сангуудад түгээхээр төлөвлөжээ.
 
Ж.Болор
 
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг