sonin.mn
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас цахим картын борлуулалтын явц ямар байгааг  тодрууллаа.
 
-Нийтийн тээврийн үйлчилгээ өнгөрсөн баа­сан гаригаас цахим төл­бөрийн системд нэвтэрсэн. Өнөөдрийн байд­лаар цахим картын борлуулалтын явц ямар байна вэ?
 
- Үйл ажиллагаа хэ­вийн явж байна.  Одоогоор 100 мянга орчим цахим карт борлуулаад байна.
 
-Зарим иргэдээс “Карт цэнэглэгдэхгүй байна”, “Хүчингүй карт байна” гэсэн гомдол ирж байна. Танай төвд ийм мэдээлэл хэр ирж байна вэ. Юунаас болж ийм мэдээлэл гараад байна вэ?
 
-Картын борлуулал­тын 40 хувийг буюу үнэгүй зорчих иргэдийн картыг бид хороодоор дамжуулан олгож байгаа. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудын картыг хороогоор нь дамжуулан олгож байна. Бусад хүн картаа өөртөө аль ойр автобусны буудал дээр байрлах карт борлуулах төвөөс 3600 төгрөгөөр худалдаж аваад,  өөрийнхөө бололцоогоор тодорхой мөнгөн дүнгээр цэнэглээд явж байгаа.
 
Хороогоор дамжуулан олгож буй картыг нэгбүрчлэн бүртгэлжүүлж, тухайн хүний мэдээллийг нь цахим системд оруулж байгаа. Эдгээрээс 1-2 карт нь бүртгэгдээгүй байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригаас хойш хоёр карт бүртгэгдээгүй байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Энэ мэдээллийн дагуу зохих арга хэмжээг авч, картыг бүртгэлжүүлсэн.
 
-Одоо зарим автобус тасалбар түгээгчтэй явж байгаа. Үүнээс болж, зарим иргэд будилаад байна уу.  Хэзээнээс дан цахим картаараа  үйлчлэх вэ?
 
-Энэ сарын 29-нөөс иргэд кондукторгүй автобусаар зорчино. Үүнтэй холбоотойгоор зарим автобусны кондуктор “Төхөөрөмж ажиллахгүй байгаа, мөнгөө өгөөд зорч” гэсэн буруу мэдээлэл иргэдэд өгч байгааг зарим хүн хэлсэн.
 
Энэ талаар бид тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллахаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн тээврийн газартай хамтран хуралдаж байна. Иргэдэд зөвлөхөд, таны авсан карт ямар нэгэн алдаа заасан бол авсан дүүрэг, хо­рооныхоо ажилтанд хан­даж, бүртгэлээ шалгуу­лаарай гэж зөвлөх байна.
 
Б.ТУУЛ
Эх сурвалж: