sonin.mn
АДДИС-АББА. /ВВС/. Терроризмтой тэмцэхийн тулд Африкийн улсуудтай хамтран ажиллана гэж АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама амлалаа.  Обама Этиопийн Ерөнхий сайд Хайлерамиам Десалегнтэй Аддис Абба хотод хэвлэлийн бага хурал хийсэн юм. Ерөнхийлөгч Обама Этиопт очихынхоо өмнө Кенид айлчилсан билээ.
 
Сомалийн нийслэл Могадишу хотын нэгэн зочид буудалд өнгөрсөн долоо хоногийн ням гарагт амиа золиослогч этгээд дэлбэрэлт үйлдсэнийг тэрбээр эрс буруушаасан байна. Хятад, Катар болон бусад улсын дипломатчид байрладаг тус зочид буудалд болсон дэлбэрэлтийн үеэр 13 хүн амь үрэгдсэн.
 
Бүс нутагт терроризмыг үндсээр нь устгахын тулд бид хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэх хэрэгтэй гэдгийг энэ халдлага санууллаа гэж Обама хэлсэн аж.
 
Хэвлэлийн бага хурлын дараа Обама Африкийн улсуудын удирдагчидтай уулзан зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа Өмнөд Суданы асуудлыг хэлэлцжээ. Обама өнөөдөр Этиопт Африкийн улсуудын холбооны төв байранд үг хэлнэ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг