sonin.mn
МЕЛЬБУРН. /ВВС/. “Лалын  улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэхийн тулд Ирак руу явахыг завдсан австрали залуу бүх насаараа шоронд хоригдох ял сонсож магадгүй. 28 настай залууг өнгөрсөн оны 12 дугаар сард Катар руу явах гэж байхад нь Мельбурны нисэх онгоцны буудлаас баривчилсан аж.
 
Тэрбээр мэдүүлэг өгөхдөө, “Би Катараас Ирак руу явах гэж байсан. Иракийн хойд нутагт очих гэж байсан” гэжээ. Мельбурны оршин суугч энэ залууг Курдын хүчнийхэнд зэвсэг өгөхөөр бэлтгэж байсан гэж буруушааж байна. Түүний тээшнээс байлдааны зэвсэг, хэрэгсэл болон хувцас олдсон аж.
 
Зэвсэгт мөргөлдөөн, байлдааны ажиллагаанд оролцохоор Ирак болон Сири рүү явах нь Австралийн хуулийг зөрсөн хэрэг юм. Ингэсэн тохиолдолд насаар нь хорих ял оноодог. Австралийн Засгийн газрын мэдэгдсэнээр, тус улсын 200 гаруй иргэн террорист бүлэглэлүүдтэй нэгдэхээр Ойрхи Дорнод руу явжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг