sonin.mn
Уул уурхайн сайд Р.Жигжид, БНПУ-аас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабендыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Уул уурхайн сайд энэ онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байгааг онцлон тэмдэглэлээ. Монгол Улс, БНПУ-ын хооронд улс төр, эдийн засаг, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг тэрээр сайшаалаа.
 
БНПУ-аас Монгол Улсыг шууд хамааран ажиллах Элчин сайд Михал Лабенда хэлэхдээ “Манай улсын бизнес эрхлэгчид Монгол Улсад хөрөнгө оруулах сонирхолтой байдаг. Тэр дундаа газрын тос, уул уурхайн хүнд машин механизмын чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм.
 
Ирэх аравдугаар сард Варшав хотноо болох Монгол Улс, БНПУ-ын Засгийн газар хоорондын комиссын II хуралдааны үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид уулзаж харилцан туршлага солилцох боломж гарна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Уулзалтын төгсгөлд Уул уурхайн сайд Р.Жигжид уул уурхайн салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг онцлон тэмдэглэлээ.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг