sonin.mn
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.28/ Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэн /International IDEA/-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтын эхэнд ноён Ив Летерм, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр “Маргааш болох Монгол Улсад өрнөсөн  чөлөөт, ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээнд оролцох болсондоо баяртай байна. 
 
2011 онд Монгол Улс Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнд элсэн орсон бөгөөд өнөөдрийг хүртэл нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирлээ. Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнг 2016 онд Монгол Улс даргалах бөгөөд 2016 оны хурлын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах төдийгүй жилийн Зөвлөлийн Ээлжит хуралдааныг зохион байгуулна” гэлээ.
 
 
Түүнчлэн Монгол Улс бол ардчиллыг тайван замаар хийсэн үлгэр жишээ болсон улсын нэг гэдгийг тэмдэглээд, ардчиллын замд шилжихээр ихээхэн бэрхшээлтэй тулгарч буй улс орнууд Монгол Улсын туршлагаас судлах хэрэгтэй гэж дүгнэдэг болохоо илэрхийлэв.
 
Мөн Бразил Улсад одоо болох гэж буй Ардчиллын тухай бүсийн уулзалт, ирэх 09 дүгээр сард Бүгд Найрамдах Энэтхэг Улсын нийслэлд болох уулзалтын талаар болон Жонс Хопкинсийн их сургуулиас гаргаж буй “Journey to Democracy” номын талаар мэдээлэл өгсөн юм.
 
Улсын Их Хурлын дарга, Ардчилал, сонгуулийн туслалцааны олон улсын хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермийг тавтай зочлохыг уриад, уулзаж буйдаа баяртай байна гэлээ. Маргааш буюу 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс чөлөөт, ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тэмдэглэх юм.
 
Ардчиллын 25 жилийн түүхэн замнал дардан байгаагүй бөгөөд бэрхшээлтэй олон асуудал тулгарч байсныг дурдаад  энэ түүхэн замналыг сонирхож буй улс орнуудтай туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.
 
Энэхүү уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.