sonin.mn
Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал Шангрилла зочид буудалд эхэллээ.
 
Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлэхдээ, тус хуралд хүрэлцэн ирсэн болон мэндчилгээ илгээсэн зочид төлөөлөгчдөд хандан талархал илэрхийллээ. Мөн өнгөрсөн 25 жилийн хугацаанд  Монгол Улс сонгуулийн тогтолцоондоо түүхэн амжилт үзүүлснийг  онцлон тэмдэглэв.
 
Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгууль юм.
 
Мөн улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй, чөлөөт ардчилсан сонгууль болжээ. Анхны энэ сонгуулиас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 удаагийн, Монгол Улсын Их Хурлын 6 удаагийн сонгууль болж, сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоо сонгуулиас сонгуульд төгөлдөржиж, боловсронгуй болсоор ирсэн билээ.
 
Энэ жил анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 03 тоот захирамжаар энэ түүхэн үйл явдлыг 2015 оны долдугаар сарын 29-30-нд орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ. Энэ түүхэн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд болж буй томоохон үйл явдлын нэг нь өнөөдрийн Олон улсын хүндэтгэлийн хурал юм.
 
Мөн түүхэн сонгууль болсон долдугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлээд байна.
 
Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг  болон бусад хүндтэй зочдоос гадна гадаадын 50-иад орны зочид төлөөлөгчид оролцож байна.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг