sonin.mn
АДДИС-АБАБА. /Reuters/. Африктай эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама онцлон тэмдэглэлээ. Обама Африк дахь айлчлалынхаа хүрээнд өчигдөр Этиопт очсон юм. Тэрбээр тус улсын нийслэл Аддис-Абаба хот дахь Африкийн улсуудын холбооны төв байранд үг хэлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч боллоо.
 
Тэрбээр хэлэхдээ, “Африк ядуурал, зөрчил мөргөлдөөнд автсан газар гэсэн нийтлэг ойлголтыг ард үлдээх цаг хэдийн болжээ. Өнөөдөр, Африк нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй бүс нутгуудын нэг болсон байна. Шинэ Африк гарч ирж байна” гэжээ.
 
 “Эдийн засгийн харилцааг бэхжүүлэх тухай ойлголтыг зөвхөн гадаадын ажиллах хүчнээр тухайн улс орны дэд бүтцийг бариулах болон тухайн улсын ашигт малтмалыг ухахаар хэмжиж болохгүй. Жинхэнэ эдийн засгийн түншлэл нь Африкт, африкчуудад үр ашигтай байх ёстой. АНУ аль ч улсаас илүү сайн түнш байж чадна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлсэн байна.
 
БНХАУ хөрөнгө оруулах замаар Африкт нөлөөгөө бэхжүүлж байгаатай холбоотойгоор Обама ингэж хэлсэн бололтой. Африкийг хөгжүүлэхэд АНУ идэвхтэй оролцоно гэж тэрбээр цохон тэмдэглэлээ.
 
Түүний хэлснээр, “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлтэй тэмцэхэд Африкийн улсуудад АНУ-ын Засгийн газар санхүүгийн тусламж үзүүлэхээс гадна тагнуулын мэдээлэл өгөх аж.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг