sonin.mn
Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал өнөөдөр Шангри-Ла зочид буудлыг хурлын танхимд эхэллээ.
Энэ жил анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 03 тоот захирамжаар энэ түүхэн үйл явдлыг энэ оны долдугаар сарын 29-30-нд орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
 
Энэхүү ойг тохиолдуулан өнөөдөр ийнхүү олон улсын хүндэтгэлийн хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон 50-иад орны гадаад, дотоодын хүндтэй зочид оролцож байна.
 
Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгууль юм.
 
Мөн улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй, чөлөөт ардчилсан сонгууль болжээ. Анхны энэ сонгуулиас хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 удаагийн, Монгол Улсын Их Хурлын 6 удаагийн сонгууль болж, сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоо сонгуулиас сонгуульд төгөлдөржиж, боловсронгуй болсоор иржээ.
 
Түүнчлэн Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан долдугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, тогтоол гаргаад байна. Хурлын үйл ажиллагаа өнөөдөр 12 цагт өндөрлөх ба үргэлжлээд Чингисийн хүрээнд бэсрэг наадам, хүндэтгэлийн хүлээн авалт зэрэг үйл ажиллагаа болох юм.
 
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг