sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийнийг хүлээн авч уулзав. Тэрээр Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойд зориулсан Олон улсын хүндэтгэлийн хуралдаанд гадаад орнуудаас хүрэлцэн ирсэн зочдын нэг юм.
 
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн нь Монголын ардчиллын анхны жилүүдээс өнөөдрийг хүртэл ардчиллыг дэмжих, хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага юм.
 
Уулзалтын үеэр талууд 25 жилийн өмнө Монголд болсон анхны ардчилсан сонгуулиар тус улс тоталитар дэглэмтэй социалист улсаас өнөөгийн зах зээлийн эдийн засагтай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан, нээлттэй улс болох үйл явцын жинхэнэ эхлэлийг тавьж, төрийн цоо шинэ институтуудыг байгуулан, 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлах нөхцөл, суурийг бүрдүүлснийг тэмдэглэж байлаа.
 
Одоогоос 25 жилийн тэртээ телевизийн үндэсний ганцхан сувагтай, намын харъяалалтай цөөхөн тооны сонин, сэтгүүлтэй байсан Монгол орны иргэд өнөөдөр олон сувгаар мэдээ, мэдээлэл хүлээн авахаас гадна дэлхийн аль ч хөгжсөн орноос дутахгүйгээр онлайн эрх чөлөөг эдэлж байгааг ч Монгол Улсын Ерөнхийлөгч дурдаж байсан юм.
 
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Ерөнхийлөгч Марк Грийн Монголын ардчилал хүрээгээ тэлж, Мьянмар, Киргиз зэрэг Азийн орнуудтай ардчилал, ардчилсан сонгуулийн туршлагаа хуваалцаж байгаад талархал илэрхийллээ.
 
Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлд амжилт гаргаж байгааг энэ үеэр дурдсан юм. Мөн ШХАБ, Гаалийн холбооны орнууд зэрэг бүс нутаг, олон улсын байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж байгаа болон эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар  зочдын сонирхсон асуултад Монгол Улсын Ерөнхийлөгч хариулт өгөв.