sonin.mn
УИХ-ын ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-нд зарлан хуралдуулах талаар албан ёсоор захирамжиллаа. Тодруулбал, УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулган хуралдуулах 156 тоот захирамжийг гаргав. Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид ээлжит бус чуулганыг ирэх сарын 3-14-нд зарлан хуралдуулж, зургаан асуудлыг хэлэлцэхээр болсон юм. 
 
Үүнд: 
-  Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах / чөлөөлөх/, томилох тухай, 
-  Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай болон холбогдох бусад хууль, 
-  Галт зэвсгийн тухай хууль, 
-  Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, 
-  Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр заасан. 
 
Хэдийгээр УИХ дахь нам, эвслийн бүлгийн зүгээс ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргасан ч спикер бүрэн эрхийнхээ хүрээнд ирэх сард хуралдуулахаар шийдвэрлэлээ. Харин энэ чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоохдоо хууль зөрчсөн байж магадгүй нөхцөл байдал үүсээд байна.
 
Учир нь МАН-ын зургаан сайдыг огцруулах асуудлыг Засгийн газрын тэргүүн өргөн бариагүй байхад ийнхүү хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан нь процедурын хувьд алдаатай байж магадгүй юм байна. Засгийн газраас өргөн барьсан асуудлыг л нэгдсэн чуулганаар хэлэлцдэг бөгөөд Ерөнхий сайдын зүгээс “Зургаан сайдаа огцруулах асуудлыг өргөн бариагүй” хэмээж байгаа. 
 
Гэхдээ заавал танхимын тэргүүн бус аль нэг гишүүн ч сайд огцруулах асуудлыг өргөн барьж болдог аж. Энэ тохиолдолд Ерөнхий сайд асуудлыг өргөөгүй ч аль нэг гишүүн өргөн барьсан байж магадгүй байгаа юм байна.
 
Харин аль нэг гишүүн МАН-ын зургаан сайдыг огцруулах тогтоолыг өргөн бариагүй бол спикер хууль зөрчиж тогтоолын төсөлгүй асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан болж таарна. Ямартай ч УИХ-ын дарга хууль зөрчсөн эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.
 
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин