sonin.mn
Монголбанк, Японы төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компанийн хооронд карт гаргах бизнест зориулсан “Системийн сүлжээ байгуулах гэрээ” байгууллаа.
 
Гэрээнд Монголбанкийг төлөөлж Монголбанкны Дэд ерөнхийлөгч Э.Батшугар, Японы төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компанийг төлөөлж тус компанийн Ерөнхийлөгч ноён оремицу Санномия нар өчигдөр гарын үсэг зурлаа.
 
Японы төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг олон улсын компани /JCB International Co., Ltd/ нь 1981 онд байгуулагдсан дэлхийн 190 улс, бүс нутагт үйл ажиллагаа эрхлэх эрхтэй, 20 гаруй оронд өөрийн салбар төлөөлөгчийн газартай, олон улсад 350 гаруй хамтран ажиллагч түнш байгууллагуудтай салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий төлбөрийн картын үйл ажиллагаа эрхлэгч байгууллага юм.
 
Монгол Улсын нутаг дэвсгэрт JCB төлбөрийн картыг Монголбанкны “Банк хоорондын төлбөрийн картын нэгдсэн сүлжээ”-гээр 2013 оноос дамжуулж бусад банкууд өөрийн сүлжээнд хүлээн авах боломжтой болсон. Одоогоор картын үр дүнгийн тооцооллыг карт хүлээн авагч банкууд Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулж гүйцэтгэж байгаа.
 
Монгол-Японы худалдааны харилцаа тэлж, хоёр орны хооронд зорчих жуулчдын тоо өсөж байгаа тул манай банкуудад JCB нэрийн картыг дангаар нь болон төгрөгийн карт (Т карт)-JCB хосолсон карт гаргах сонирхол бий болж тухайн картын нэгдсэн гарцтай болох саналыг Монголбанкинд дэвшүүлсэнтэй холбоотойгоор дээрх гэрээг байгуулжээ.
 
Энэхүү нэгдсэн сүлжээ бий болсоноор банкуудад карт гаргах ижил боломж олгож холболтын нэмэлт зардалгүйгээр JCB төлбөрийн картыг гаргах, үйлчилгээний урсгал зардлаа хуваан төлж, гадаад оронд зорчих тэдгээр банкуудын харилцагч Монгол Улсын иргэдэд олон улсын JCB картын өргөн сүлжээг ашиглан төлбөр тооцоогоо түргэн шуурхай гүйцэтгэх бололцоо нээгдэж байгаа юм.