sonin.mn
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч, эрх зүйч Б.Лхагважавтай эдийн засгийн орчны асуудлаар ярилцлаа. 
 
Манай улсын эдийн засаг одоо хүнд хямралын байдалтай нүүр тулчихаад байна. Энэ нь анхных ч биш байх. Ер нь ийм бэрхшээлийг хэрхэн даван туулж байсан юм бол?
 
 -Монгол Улсын эдийн засгийн цөм бүтэц нь энэ нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгжүүд, малчид, тариаланчид л шүү дээ. Тэдний бизнесийн болон үйлдвэрлэлийн үр ашиг, үйл явц нь байгалийн баялаг, эрс тэс уур амьсгал, цаг агаарын байдал зэргээс шууд болон шууд бус хамааралтай байдаг. Үүнийг бид сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрч ойлгож байна.
 
Мөн төр засгийн бодлого нь улс орны эдийн засгийн амьдралд гол нөлөө шалгуур болж байдаг талтай. Ялангуяа манайх шиг эдийн засгийн голлох салбар газар тариалан, мал аж ахуйгаа хувьчилчихсан улс оронд төрийн зөв бодлого маш чухал үүрэгтэй. 1990-1992 онд лангуун дээр давснаас өөр юмгүй болчихсон хүнд үед иргэддээ гадагшаа явж арилжаа наймаа, худалдаа хийх боломж олгосон нь манайхан өөрсдийгөө хүнс, бараагаар хангах нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний хүчинд жилийн 360 хувийн инфляцтай байсан хүнд үеийг даван туулж чадсан 
 
...Одоо үнэт цаас, хөрөнгийн төв дээр хүн бүрийн дансанд 1042 ширхэг хувьцаа бүртгэлтэй, хий л хэвтэж байгаа. Үүнийг хөгжил хөдөлгөөөнд оруулж чадах сүүлийн үеийн мэдлэг мэдээлэл, боловсрол чадвартай залууст хөрөнгийн захыг хүлээлгэж өгөх цаг болсон гэж боддог. Өмнөх үеийнхэн дэлхийн эдийн засагт сонгодог хэлбэрээ аль эрт олчихсон хөрөнгийн зах зээлийн өргөн ойлголт, үйл явцыг таамгаар авчирч, Монголынхоо хөрсөнд ямар ч суурьгүйгээр тавьснаас болоод нэг салхи гарахаар л нурж уначихаад түүнийгээ босгох гэж дахин дахин оролдож, их цаг алдаж байна шүү дээ... 
 
1997 онд малыг хувьчлах шийдвэрийг гаргаснаар 25 сая толгой мал, түүний түүхий эд эдийн засгийн эргэлтэд орсон нь Азийн хямралыг гэтлэн давахад томоохон үүрэг гүйцэтгэсэн байгаа. Үүний дээр орон сууцыг хувьчлах, 2009 онд Эдийн засгийн өршөөл, ил тодын хуультай төстэй Татварын зарим хууль, Нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг хэрэгжүүлэх тухай гэсэн урт нэртэй хуулийг баталсан. Энэ хуулийг манай бизнесийн хүрээнийхэн “Уучлаарай хууль” ч гэж нэрлэдэг. Уг хуулийг баталж хэрэгжүүлсний үр дүнд татвар ногдох нуугдмал байсан, дөрвөн тэрбум ам.долларыг ил болгож чадсан.
 
Энэ нь тухайн үеийн эдийн засагт багагүй хувь нэмэр болсон гэж боддог. Үүнд 2800 компани, 2000 гаруй иргэн хамрагдсан. Энэ үед Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар мөн дөрвөн тэрбум ам долларын хөрөнгө орж ирсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засаг 17 хувьд хүрч, дэлхий дахиныг гайхшруулж байлаа.
 
Одоогоор эдийн засгийн өсөлт өдий зэрэгтэй байгаад байгаа нь энэ бүхний л хаялга юм шүү дээ. Дээрх байдлаас харахад тухайн үед төр, засгийг барьж байгаа нам, эвсэл шуурхай, шийдвэртэй ямар нэг арга хэмжээг авч чадвал эдийн засгийн хямралыг даван туулах нөөц боломж байдаг гэдгийг баталж байгаа хэрэг. Үүний нөлөөгөөр дотоодын аж ахуй нэгжүүдийн идэвх, урам зоригийг сэргээж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж улмаар татварын систем, хууль эрх зүйн орчныг засч залруулах боломжийг нээж өгдөг. Ийм л байдлаар бид хямралыг туулж ирсэн.
 
Харин одоогийн энэ нөхцөл байдлыг бид мэдээгүй гэвэл худлаа болох байх. 2012 оны сүүлчээс макро эдийн засгийн үзүүлэлт уруудаж эхэлсэн. Тухайн үед би МАН- ын бүлгийн зөвлөх байсны хувьд төрийн сангийн бодлогоо эргэн харж, иргэд аж ахуйн нэгжүүддээ гол итгэл найдвараа тавиач ээ гэж хэлж байлаа. Засгийн газар төрийн сангийн бодлогоо түр хойш тавьж, мөнгөний бодлогыг Төв банктай хамтран өөрчилж эхэлсэн. Үнэ тогтворжуулах бодлого, УИХ-аас эрх авч олон улсын зах зээлээс бонд босгох аргыг хэрэглэснээр таван тэрбум төгрөг оруулж чадлаа.
 
Гэтэл үүнийг шингээдэг ганц салбар нь хувийн хэвшлийнхэн байдаг. Тэдний санхүү, хөрөнгийн мэдээлэл үнэн зөв байгаад нэг тайлантай бол дээрх хөрөнгө эдийн засагтаа зөв шингэнэ. Үүний зөв суурь нь Эдийн засгийн өршөөл, Ил тодын тухай хууль бөгөөд Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс хуулийн төслийг хэлэлцүүлэхээр хичээж чармайгаад ч тус болсонгүй. Одоо энэ ээлжит бус чуулганаар хэлэлцэх байх гэж найдаж сууна. Эдгээр хуулийн төслийг хэлэлцээд баталчихвал цаашдаа эдийн засгийг өөрийнх нь хөгжлийн жамаар явуулж, татварын хувь хэмжээг тогтоодог эрх үүргээсээ өөрөөр төр үүнд бүү оролцооч ээ гэж УИХ, улс төрчдөөс гуймаар байгаа юм. 
 
-2008 онд баталсан “Уучлаарай” хууль бас л алдаа дутагдалтай болоод л олигтой хэрэгжээгүй юмаа даа. Зургаахан сарын үйлчлэлтэй хуулийг мөрдөж эхлэх хугацаанаас нь бараг хоёр сарын дараа баталсан гэдэг байх аа. Өөр ямар “цоорхой” байсан юм бол? 
 
-Энэ хуулийг батлахдаа татвараа төлсөн нь цаашаа яваад ашиггүй ажиллаж, татвар төлөөгүй нөгөө нь зах зээлээс шахагдаж байдаг гол зарчмыг суулгаж өгөөгүй юм. Одоо энэ механизмыг бүрдүүлж чадсан нь НӨАТ-ын хоёр хувийг буцааж олгох тухай хууль болсон. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжих уг хуулиар компаниудын санхүү, хөрөнгө ашиг орлогын бүртгэл, түүний хөтлөлт цэвэршинэ.
 
Харин үүний өмнө Ил тод ба Эдийн засгийн өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэж батлахгүй бол татвараа үнэн зөв төлж байсан компани, аж ахуйн нэгж хохирох,магадгүй хэлмэгдэж ч болохоор нөхцөл байдал үүснэ. Иймд бие биенээ янз бүрийн өнгөөр будаад байх шаардлагагүй,бүгд нэг гараанаас эхэлмээр байгаа юм. 
 
-Та яагаад нэг гараанаас гэж яриад байгаа юм бэ. Бүх л компани, аж ахуйн нэгж өөр өөрийн чадал тэнхээ, хөрөнгө мөнгөний хэмжээнд үйл ажиллагаагаа эрхэлсээр байгаагүй гэж үү? 
 
-Чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэн 25 жилийн хугацаанд хувийн өмч хөрөнгө, үйлдвэрлэл үйлчилгээнийхээ ашиг орлого, санхүүгийн бүртгэлийг үнэн зөв хийж байгаа нь одоогийн 95 мянган аж ахуйн нэгж дотор 90-ээд хувь нь байж чадаж байна уу, үгүй юу. Анхнаасаа компани байгуулаад ажиллахад санхүү, татварын систем тогтолцоог нь мэддэг, ойлгодог хүн ховор, нягтлан бодох бүртгэлийг зохих ёсоор хийж чаддаггүй гээд учир дутагдал багагүй байлаа.
 
Дээр нь манай компаниудын 99 хувь нь ганц хүнтэй гэсэн бүртгэлтэй явж байна. Үүнээс болоод баялгийг бүтээж буй бусад хүнд өмч хөрөнгө, ашгаа хуваарилж чадахгүй хүнд байдалд орчихсон. Хэрэв Ил тодын болон Өршөөлийн хууль батлагдчихвал хөрөнгийн дахин хуваарилалт явагдаж, магадгүй олон компани шинээр төрж гарах боломж нэмэгдэнэ. Компанийн засаглал жинхэнэ утгаараа хэрэгжиж эхэлнэ гэж бид харж байгаа юм.
 
Нөгөө талаар манайхаас хөөгдөж туугдсан, өмнө нь биднийг сонирхож байсан, буцааж даллаж дуудаад манай дарга нар гуйж гувшаад яваад байгаа гаднын хөрөнгө оруулагчид дотоодын аж ахуйн нэгжүүдийн ил тод, нээлттэй байдлыг л харж суугаа. Татвараа шударгаар төлдөг юм уу, хөрөнгө оруулвал шингээх чадвар нь хэр байна, түүнийг хамгаалах хууль эрх зүйн орчин байна уу, үгүй юу гэдгийг л гол шалгуур болгоно шүү дээ.
 
Өмнө нь хөрөнгө оруулчихаад төр, засагт итгэж найдаад хөрөнгө оруулдаг байсан бол одоо нэгэнт хаширсан. Өнөөдөр тэдний хөрөнгө оруулалтыг шингээж, капитал болгож мөнгийг нь арвижуулах хувийн хэвшлийнхэнд л найдаж байгаа. 
 
-Хөрөнгийн зах зээл дээр Засгийн газрын үнэт цаасыг гаргаснаар дотоодынхоос дутахгүй гаднынхан хоёрдогч зах зээлд идэвхтэй оролцдог болсон гэж байгаа. Ер нь Засгийн газар өөрийн нэрээр ингэж бонд гаргаж, хөрөнгө босгох нь өрийн хэмжээг нэмэгдүүлж эрсдэл дагуулах юм биш үү? 
 
-Хөрөнгийн зах дээрх тоглогчид Зоос, Анод гэсэн хоёр банкны 40 тэрбум орчим төгрөгийг шатааж, хөрөнгө оруулагчдыг нь хөсөр хаясан мөртлөө харилцагчдыг татаад авчихсан нь бусад хүний хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг бүр мөсөн эвдсэн. Түүнээс хойш Хөрөнгийн биржээр дамждаг арилжаа эрс багассан төдийгүй сэхэх боломжгүй боллоо шүү дээ.
 
Өнгөрсөн жилээс биржийн арилжаа сэргэсэн гэх боловч энэ нь Засгийн газрын бондыг арилжиж эхэлсэнтэй л холбоотой. Түүгээр ч зогсохгүй хувьцаат компаниуд ХХК болох нь эрс нэмэгдсэн. Энэ нь компанийн хувьцаа цөөн хүнд хэт төвлөрсөн, хувьцаа эзэмшигчид тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд саад (ашиггүй ажилласан байтал ногдол ашиг тараахыг шаардах, ойр ойрхон хуралдах хүсэлт тавих гэх зэргээр) учруулдаг болсонтой уялдаатай гэж олон компанийн захирал тайлбарладаг. Дээрхийн адил компанийн хувьцаатай холбоотой олон асуудал хуулиндаа ч тодорхойгүй байсаар байна.
 
Тухайлбал, “Эрдэнэс-Тавантолгой” гэж Монголын иргэн болгоны 1042 ширхэг хувьцааны оролцоотой төрийн өмчит компани байгаа. Гэтэл тус компанийн бүтэц, менежмент ямар байх тодорхой механизмыг боловсруулаагүйгээс дэмий л нэг утопи (үл гүйцэгдэх) юм хийчихсэн байна. Одоо үнэт цаас, хөрөнгийн төв дээр хүн бүрийн дансанд 1042 ширхэг хувьцаа бүртгэлтэй, хий л хэвтэж байгаа.
 
Үүнийг хөгжил хөдөлгөөөнд оруулж чадах сүүлийн үеийн мэдлэг мэдээлэл, боловсрол чадвартай залууст хөрөнгийн захыг хүлээлгэж өгөх цаг болсон гэж боддог. Өмнөх үеийнхэн дэлхийн эдийн засагт сонгодог хэлбэрээ аль эрт олчихсон хөрөнгийн зах зээлийн өргөн ойлголт, үйл явцыг таамгаар авчирч, Монголынхоо хөрсөнд ямар ч суурьгүйгээр тавьснаас болоод нэг салхи гарахаар л нурж уначихаад түүнийгээ босгох гэж дахин дахин оролдож, их цаг алдаж байна шүү дээ. 
 
-Нөгөө талаар хуулийн зохицуулалт, хяналт бүх юм нь нэг гарт төвлөрснөөс их юм болдог юм биш үү. Тодруулбал, бүх эрх мэдэл, хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэх, батлах цаашилбал хянах эрх нь ч ганцхан УИХ-д байгаад байна шүү дээ? 
 
-Үүний уг сурвалж нь Үндсэн хуульд байгаа юм. Яагаад гэвэл, энэ “эцэг” хууль маань өөрөө эдийн засагжаагүй. Уг нь эдийн засаг, санхүүгээ барьж базаж байх хууль, эрх зүйн ертөнц гэж нэг тойрог байх учиртай. Гэтэл энэ нь Үндсэн хуульд тусаагүй, ердөө л УИХ-д “онцгой эрх” гээд бүх эрхийг олгочихсон. Татвар, улсын төсөв, аудит санхүү тэр байтугай Монгол банк ч УИХ-ын харъяалалд яваад байна. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан дахин тод томруунаар харах байх гэж бодож байгаа юм. 
 
-УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад багтсан Ил тод болон Эдийн засгийн өршөөлийн хуулийн ач холбогдлыг та хэрхэн харж байгаа вэ? 
 
-Энэ хуулийн төслийг хэлэлцэж баталж, макро төвшний бус өөрөө өөрийгөө аваад явж байгаа микро орчин дахь аж ахуйн нэгж, хувь хүнд эдийн засгийн эрх чөлөө олгооч, өмчөө дахин захиран зарцуулж хөрөнгө босгох боломжийг нээж өгөөч гэж УИХ-ын эрхэм гишүүдээс хүсч байна. Үүнийг аль болох хурдан хугацаанд баталж, хэрэгжүүлмээр байгаа юм.
 
Ганцхан жишээ хэлэхэд, Ерөнхийлөгч газар нутгийн 50 хувь хайгуулын талбай боллоо гээд лиценз олгохыг зогсоосон. Энэ нь тэдгээрийг журамлая, эмх цэгцэнд оруулъя л гэсэн санаа байлаа. Гэтэл энэ ажлыг бүхэл бүтэн зургаан жил үргэлжлүүлж, уул уурхайн бүтээгдэхүүний гол үйл явц болдог хайгуулын ажлыг ийм хугацаагаар зогсоосон нь тус салбарын хөгжлийн суурийг төдий олон жил хөлдүү байлгасан гэсэн үг.
 
Үүнээс болж хөрөнгө оруулагчид залхаад манай эдийн засаг л хохирч байгаа. Иймэрхүү байдлаар эдийн засгаа доош татмааргүй байна. Үүний адил нэг арга хэмжээ нь бидний ярилцсан нэр бүхий хоёр хуулийн төсөл байх болно. Үүнд би итгэлтэй байна. 
 
-Танай байгууллага Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсанд баяр хүргэе.
 
-Баярлалаа. Наадмын өмнөхөн тэмдэглэсэн манай танхимын 55 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж энэ нэр хүндтэй шагналаар шагнасныг нийт гишүүд дэмжигчдэдээ уламжлахад таатай байна. Тус байгууллагын 30 жилийн үүх түүх социалист системтэй холбоотой бол сүүлийн 25 жил зах зээлийн нийгэм, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах, чөлөөт эдийн засгийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо гаргасан он жилүүд байлаа. 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин