sonin.mn
Барилгын салбарт “Европ стандарт”-ыг нэвтрүүлэх, нутагшуулах талаар өнөөдөр БХБЯ, Стандартчилал  хэмжилзүйн газар хамтран мэдээлэл хийлээ. Сүүлийн жилүүдэд тус яамнаас барилгын салбарт “Европ стандарт”-ыг нэвтрүүлэх бодлого барьж, судалгаа хийжээ.
 
Стандартчилал  хэмжилзүйн газрын тусламжтай уг стандартыг орчуулагагүйгээр ашиглах боломжтой болж байгаа юм. Нийтдээ 160 гаруй стандартыг гадаад хэлээр Монголд хэрэглэх боломжтой болж байна. Төрийн албан ёсны хэлний тухай хуульд Монгол хэлийг Монгол Улсын төрийн албан хэрэг хөтлөлт, төрийн албан ёсны үйл ажиллагаанд хэрэглэхээр заасан.
 
Гэтэл барилгын салбарт орос хэлээр шууд мөрдөж байгаа 33 нэр төрлийн норм нормативын бичиг /СНиП/ байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа аж. Иймд БХБЯ дээрх стандартуудыг орчуулж, өөрийн орны нөхцөлд тохируулан үндэсний норм болгон баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа тул холбогдох ажлыг  хийж буйгаа сэтгүүлчдэд дуулгав.
 
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр “Европ стандарт”-ын бүтээгдэхүүнүүд барилгын салбарт очих боломжтой болж байгаа юм. Энэ нь хэрэглэгчдэд сэтгэл ханамж, тав тухтай байдлыг хангаж төлж байгаа мөнгөтэй нь нийцсэн чанарыг өгч буйгаараа ач холбогдолтой.  Европ стандартыг нэвтрүүлснээр барилгын чанар сайжрах бөгөөд эдийн засгийн өртөг багатай байх юм.
 
М.Ихэрбаяр
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг