sonin.mn
МИНСК. /TASS/. Украины зүүн нутгийн байдлыг зохицуулах Холбоо тогтоох бүлгийн дараагийн уулзалт наймдугаар сарын 26-нд Беларусийн нийслэл Минск хотод болно. Энэ тухай өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улсын төлөөлөгч Денис Пушилин мэдэгджээ. Минск хотод болсон тус бүлгийн ээлжит уулзалт даваа гарагт дууссан билээ.
 
"Наймдугаар сарын 4-нд буюу мягмар гарагт аюулгүй байдлын асуудлаарх салбар бүлэг хуралдана. Холбоо тогтоох бүлэг төлөвлөсөн ёсоор наймдугаар сарын 26-нд Минскт уулзана” гэж тэрбээр хэлсэн байна. Аюулгүй байдлын асуудлаарх салбар бүлгийн даваа гарагт эхэлсэн хэлэлцээг өнөөдөр үргэлжлүүлэхээр болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг