sonin.mn
Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд өнөөдөр "Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчин MNS 6055:2009 стандарт"-ын дагуу ариун цэврийн өрөөг тохижуулан хүлээлгэн өглөө.
 
Италийн Засгийн газрын бус АИФО байгууллага 5 сая төгрөгөөр санхүүжүүлэн гүйцэтгэгчээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн "Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв"-ийн залуучууд ажилласан байна.
 
 Тус ариун цэврийн өрөөний давуу тал нь ямар ч тэргэнцэртэй хүн өөрөө бие даан чөлөөтэй хөдлөх, бие засах боломжоор хангаснаас гадна яаралтай тусламж дуудах хонхыг суурилуулан өгчээ.
 
Шалны гадаргуу нь чийгтэй байсан ч хальтарч гулгахгүй аюулгүй байдлыг стандартын дагуу бүрэн хангасан плитагаар хийснээс гадна угаалтуурыг энгийн угаалтуураас доор байрлуулсан нь тэргэнцэртэй хүн хэрэглэхэд саадгүй болсон байна. Уг ариун цэврийн өрөөг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гадна өндөр настан хэрэглэхэд ихээхэн тохиромжтой юм.
 
 "Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв"-ийнхөн дээрх ариун цэврийн өрөөг иж бүрэн тохижуулан захиалгаар хийж өгөх боломжтой аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг