sonin.mn

 “ДМ"  нэртэй залуучуудын онлайн  хөдөлгөөний гишүүдтэй  Шинэчлэлийн Засгийн Газрын Сангийн сайд, Оюутолгойн гэрээний биелэлтийг шалгах засгийн газрын комиссын ахлагчаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн  Ч.Улаан уулзаж, Оюу Толгойн гэрээний талаар ярилцсан байна. Түүний яриаг хүргэе.

 
-Та нар Оюутолгойн гэрээг УИХ-аар баталсан гэж бодож байна уу, үгүй юм. УИХ-аар батлуулна гэж ярьж байгаад батлуулалгүй зүгээр л найр наадам, шоу болоод л явчихсан юм. Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулаагүй нь онц ноцтой алдаа байсан. 
 
Манай засгийн газар Оюутолгойн гэрээг хаая, ажлыг нь зогсооё биш, харин улам эрчимжүүлье, ингэхийн тулд гэрээнийхээ биелэлтийг эргэж харъя, учир битүүлэг хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж ойлголцъё гэдэг саналыг л тавьж байсан. Тэгэхийн тулд бид шалгалт оруулсан. Бүх баримт Монголд байгаагүй. Бүгд гадаадад байсан. Бүгдийг манай шаардлага, шахалтаар Хонгконгоос контейнер контейнерээр ачиж ирсэн. 
 
Ингээд үзэхэд 1 тэрбум 1 зуун сая долларын хөрөнгө оруулалт орсон байсан. Бусад нь сох дутсан. Янз бүрийн зардал, компанийн үйл ажиллагааны зардал, менежментийн зардал гээд маш их зүйлийг нэмж бичсэн байсан. Тэгээд тэгээд 2 тэрбум доллар сох дутсан. 2 тэрбум долларын санхүүгийн ноцтой зөрчил гарсан. 300 сая долларын санхүүгийн ноцтой хэрэг гарсан. 
 
Манайд өгсөн гэж зарладаг элдэв хандив, тусламжаа бүгдийг нь зардал болгоод, бүр тэр тусмаа хөрөнгө оруулалт болгож бичсэн. Манай дээр хувьсах хүү нэртэй дэлхийд хаана ч байхгүй, улирлаар боддог, хүүгээс хүү боддог хачин зээл, өрийг өгсөн. 
 
Би ганцхан жишээ хэлье. Өмнөговь аймгийн тийм сум, тийм овоо, тийм сүм, тийм суварга, тийм наадам, тийм тамгийн газрын барилга барихад төдөн сая доллар өглөө гэдэг. Гэтэл нөгөө хандив, тусламж хөрөнгө оруулалт болоод л цохиж явна. Тухайлбал Өмнөговь аймагт овоо тахисан, суварга босгосон, баяр наадам хийсэн гэж 62 сая доллар бичсэн байх жишээтэй. Бид ийм өндөр ханштай наадам хийж, суварга босгох болоогүй.
 
Өмнөговь аймгийн Тамгын газар болон бусад тусламжинд бараг 200 тэрбум төгрөг зарсан гэж байгаа юм. Ингэж бөх, морь, сүм, суварга ивээн тэтгэж, сургууль цэцэрлэгт өгсөн компьютероо хөрөнгө оруулалт, зээл болгож бичсэн байх жишээтэй. Лондонд байдаг толгой компанийхаа зардлыг бичсэн байх жишээтэй. 
 
Нааш цааш нохой шувуу, гахай зөөснийхөө зардлыг бичсэн байх жишээтэй. Нөгөө их тэрбумтан Фрийдландын мэтийн менежерүүдийн эрүүл мэндийн даатгал, сувилагчийн даатгал бичсэн байх жишээтэй. Менежерүүд нь дэлхийд байхгүй өндөр цалин авцгаана. Түүнийгээ мөн монголын өр, хөрөнгө оруулалтад оруулж бичсэн байх жишээтэй. 
 
Оюутолгойн гэрээн 57 заалтаас за яахав 30 заалтыг хэвээр үлдээе, 22 заалтыг засах хэрэгтэй. 5 заалтыг хүчингүй болгох хэрэгтэй. Энэ 5 заалт бол нэн ноцтой. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэстний оршин тогтнох, улсын бүрэн бүтэн байдалд аюул занал учруулна. Үүнийг тэмцэж байж хасуулах ёстой. Эс тэгвээс бидний цаашдын ажил амьдрал, хувь заяа баларна. 
 
Оюутолгойн далд уурхай гэдэг бол олон том бүлэг ордуудын асуудал юм. Тэд зөвхөн өнөөдөр нэг ордын үүд хаалгыг нээж байна. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулахдаа Фрийдландын “Айвенхоу Майнз” компанийг зарсан, оршуулсан. Шинэ компани эхэлсэн нэртэй. Одоо түүнийгээ зарж байна. Одоо дахиад шинэ жүжиг тавих гэж байна. Маш аюултай шоу хийх гэж байна. 
 
Дубайн гэрээ зурснаар асар их мөнгө орж ирэх үү, үгүй ээ. Дэлхийн 14 банкинд шинэ компани барьцаанд тавьж, бүх баримт бичиг, манай талын бүх зөвшөөрөл бэлэн болсны дараа мөнгө орж ирнэ гэж байгаа. Тэд хэзээ ч явахгүй ээ, тэд суурьшихаар шийдсэн. Тэд Монгол орны газар нутгийг эзэгнэн суухаар шийдсэн. Яагаад гэвэл Оюутолгойн орчин газар доор 1500 метрээс 3000 метрийн гүнд алтны 5-6 том орд байна. Тэд бидэнтэй дэндүү удаан зууралдана. Тийм учраас одоо Дубайн гэрээнээс зөв эхлэх хэрэгтэй.
 
УИХ-ын гишүүн Ч.Улаан
/ "Хөх толбо" сонины тэмдэглэлийг ашиглав/