sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Хятадын үндэснийн мөнгөн тэмдэгт юанийг Олон улсын валютын сангийн /ОУВС/ зээлжих эрхийн тусгай сагсанд оруулахад тавигдахад шалгууруудын нэг болох олон улсад хэрэглэгдэж буй түвшний үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсчээ. Энэ тухай тус сангийн валютын сагстай холбоотой өнөөгийн нөхцөл байдал болон тухайн сагсанд юанийг оруулах боломжийн тухай мягмар гарагт нийтлэгдсэн тайланд дурдсан байна.
 
“Юанийг олон улсын хэмжээнд хэрэглэх явдал сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн. Хэд хэдэн үзүүлэлтээр юань нь олон улс дахь хэрэглээ болон гадаад валютын арилжаанд оролцох байдлаар өндөр өсөлттэй байна. Харин зээлжих эрхийн тусгай сагсанд ордог дөрвөн валют ерөнхийдөө юаниас давуу байдалтай байгаа” гэдгийг баримт бичигт онцлон тэмдэглэжээ.
 
ОУВС-гийн мэргэжилтнүүдийн цохон тэмдэглэснээр, дээрх тайланг тоймлон гаргасан бөгөөд юанийг сагсанд оруулах тухай тус сангийн захирлуудын зөвлөлөөр удахгүй хэлэлцэхийн өмнө нийтэлнэ. ОУВС-гийн төлөөлөгч Жерри Райсын урьд нь мэдээлж байснаар, энэ асуудлыг хэлэлцэх албан ёсны хэлэлцээ 11 дүгээр сард болох бол албан бус хэлэлцээг долдугаар сарын сүүлээр хийжээ.
 
Валютыг хоёр шалгуураар сагсанд оруулдаг байна. Үүний нэг нь үнэт цаас гаргагч орнуудын экспортын хэмжээ бол нөгөө нь түүнийг чөлөөтэй ашиглаж буй түвшин юм. Зээлжих эрхийн тусгай сагсанд юанийг оруулах тухай Бээжингийн хүсэлтээс ОУВС  таван жилийн өмнө татгалзжээ. “Юань бол одоогийн байдлаар зээлжих эрхийн тусгай сагсанд ороогүй боловч экспортын шалгуурт нийцэж байгаа цорын ганц валют юм” гэж мэргэжилтнүүд онцлон тэмдэглэж байна.
 
Зээлжих эрхийн тусгай сагс гэдэг нь ОУВС-гаас гаргадаг нөөцийн болон төлбөрийн хэрэгсэл юм. Тус сагсны ханшийг  ам.доллар, евро, иен, фунт стерлинг гэсэн гол дөрвөн валютын өртөгт үндэслэн тогтоодог байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг