sonin.mn
Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл, тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзэж байна.
 
Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссыг байгуулах шийдвэрийг өнгөрөгч долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар гаргасан юм. Тус комиссын анхны хурал Монгол Улсын Шадар сайд, тус комиссын дарга У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо.
 
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын цаг үеийн байдлын талаар ХХАА-н сайд Р.Бурмаа, цаг агаарын төлөв байдлын талаар Ус цаг уурын хүрээлэнгийн секторын эрхлэгч Ж.Цогт нар мэдээлэл хийлээ.
 
Хуурайшилт гангийн улмаас  ургац алдсан үр тарианы аж ахуйн нэгжүүдийн бэлтгэсэн ногоон тэжээлийг улс, аймгийн өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд худалдан авч малын тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 8,6 тэрбум, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудын улсын нөөцийн өвс, өвс тэжээлийн цэг салбаруудад малын тэжээл нэмж байршуулахад хоёр тэрбум, зуншлага сайн байгаа аймгуудаас хадлангийн газар ашиглуулах хуваарийг баталж ногоон тэжээл худалдан авах, улсын нөөцөд малын тэжээл нэмж бэлтгэх зэрэгт шаардагдах нийт 10,6 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг судалж шийдвэрлэхээр болсон.
 
Мөн малын тэжээлийн нөөц, хангамж, эрэлт хэрэгцээг зохицуулах зорилгоор дотоодын гурилын үйлдвэрүүдээс бэлтгэсэн малын тэжээлийн хивэгний экспортыг энэ оны есдүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлах,  
 
2016 оны хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний болон үрийн буудай нөөцлөхөд шаардагдах 80,  тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэр бүрдүүлэх махны нөөц бүрдүүлэхэд 180 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг холбогдох хүмүүст даалгасан Засгийн газрын тогтоолын төслийг Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцой комиссын гишүүдэд энэ үеэр танилцууллаа.
 
Мөн Засгийн газар, Монгол банкны хооронд 2012 онд байгуулсан “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дунд хугацааны  хөтөлбөрийн хүрээнд хүнсний агуулах зоорийн аж ахуйг хөгжүүлэхэд зориулан аж ахуйн нэгжүүдэд олгосон 33 тэрбум, махны менежер компаниудын 25 тэрбум, гурилын үйлдвэрүүдийн 17 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, үнэ тогтворжуулах нөхцөлтэйгээр зээлийн гэрээ дуусгавар болох өдрөөс хойш нэг жилээр сунгаж гэрээ байгуулахаар шийдвэрлэснийг танилцууллаа.
 
Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд 2014-2015 онд нийт 57,8 тэрбум төгрөгийн зээлийг 14 гурилын үйлдвэрт олгосон. 2015 оны есдүгээр сарын 1 хүртэл нэгдүгээр зэргийн гурилын үнийг 850-950 төгрөгөөр дээшгүй үнээр хэрэглэгчдэд борлуулахаар заасныг гурилын үйлдвэрүүд гэрээний дагуу биелүүлж ажиллаж байгаа нь 2015 оны 1-6 сард үйлдвэрээс гарч буй гурилын үнэ дунджаар 727 төгрөг байсан дүнгээр нотлогдож байна.
 
Гэрээг сунгаснаар гурилын үнэ нэмэгдэхгүй байх боломж бүрдэж байна гэж салбарын яам үзэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.