sonin.mn
“Ус-эрдэнэ” ХХК компанийн захирал, ажилчид өнөөдөр ҮХААЯ-наас гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжилж  сэтгүүлчдэд хандлаа. ҮХААЯ-наас  2014 оны Гуравдугаар сард тогтомол үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд “Цахим тендер” зарлажээ. Энэхүү тендерт худаг гаргах, засварлах, услалтын систем барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ус-эрдэнэ”  ХХК компани шалгарсан аж.
 
Тус компани шалгарсан хугацаанаас хойш ҮХААЯ-ны захиалгаар Увс аймгийн Түргэн сумын Колагийн услалтын систем шинээр барих 322,9 сая төгрөгийн барилгын ажлыг гүйцэтгэж 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгчээ.
 
Харин өнөөдрийг хүртэл тус компани нийт санхүүжилтын 82 хувийг авч чадаагүй байна. Барилгын ажлын санхүүжилтыг банкны зээлээр хэрэгжүүлсэн бөгөөд улсын комисст хүлээлгэн өгөөд есөн сар болж байгаа аж.
 
Төслөөс олох нийт ашгаа тэд банкны хүүд төлж, 15 хувийн алдагдалд оржээ.  “Ус-эрдэнэ”  ХХК компани нийт 60 гаруй ажилчидтай, сүүлийн хоёр сарын хугацаанд цалингаа тавьж чадаагүй байна. Иймд тэд векселийн асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагыг УИХ-ын төсвийн байнгын хороо, сангийн яаманд тавьсан байна.
 
Энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө компанийн ажилчид тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглахад  бэлэн буйгаа илэрхийлэв. 
 
М.Ихэрбаяр
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг