sonin.mn
СӨҮЛ. /ВВС/. Живсэн “Севол” гатлага онгоцыг тэнгисээс татаж гаргахын тулд Хятадын компаниудаас бүрдсэн консорциумтай Өмнөд Солонгосын Засгийн газар гэрээ байгуулжээ. Энэ гатлага онгоц 2014 оны дөрөвдүгээр сард живсэний улмаас 304 хүн амь эрсэдсэн юм. Амь эрсдэгсдийн олонх нь хүүхдүүд байсан билээ.
 
Есөн хүний цогцос хараахан олдоогүй байгаа бөгөөд тэдний ар гэрийнхэн гатлага онгоцыг даруй татаж гаргахыг уриалсаар байгаа юм. Зорчигчдыг хамгаалаагүй, хариуцлага алдсан хэргээр “Севол”-ын ахмад болон хөлгийн багийн гишүүд шоронд хорих ял эдэлж байна.
 
Зорчигчдын дунд 16-17 насны 325 сурагч байсан юм. Тэд сургуулийнхаа аяллаар Чэжү арал руу явж байсан билээ. “Shanghai Salvage” тэргүүтэй компаниудын консорциум “Севол”-ыг татаж гаргах аж. 37-43 метр гүн усанд байгаа гатлага онгоцыг ирэх оны долдугаар сард татаж гаргана. Үүнийг татаж гаргахад 73 сая доллар орох ажээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг