sonin.mn
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Япон улсын Шизүока мужийн Изүнокүни хот хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болоо.
 
Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Японы Шизүока мужийн захирагч Кавакацү Хэйта болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
 
Санамж бичигт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд, Японы Шизүока мужийн Изүнокүни хотын дарга Оно Тошико нар гарын үсэг зурлаа.  Санамж бичгийн хүрээнд талууд боловсрол, соёл, спорт, эрүүл мэнд, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийн салбарт хамтарч ажиллах юм.
 
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Улаанбаатар, Токио хотуудын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад баяртай байна.
 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэ оны 09 дүгээр сард Токио хотод ажлын айлчлал хийх гэж байна. Энэ айлчлалаар хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх хэлэлцээр хийхээр төлөвлөж байгаа юм.
 
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Японы Шизүока мужийн Изүнокүни хотын хооронд шинээр харилцаа тогтож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байгаад таатай байна. Улаанбаатар хотын зүгээс хоёр талын харилцааг бүхий л талаар дэмжин ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.