sonin.mn
УБТЗ-ын дарга Л.Пүрэвбаатар энэ сарын 10-нд Тээврийн дээд сургуулийн дэргэдэх мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг МСҮТ-д шилжүүлжээ. Үүнийг эсэргүүцэн Тээврийн дээд сургуулийн багш нар өнөөдөр мэдээлэл хийв.
 
Тээврийн дээд сургуулийн багш М.Бямбасүрэн ярихдаа, “Бид энэ шийдвэрийг өчигдөр л мэдлээ. УБТЗ-ын даргын тушаал Мэргэжлийн боловсролын сургалтын тухай хуулийн хэд, хэдэн зүйлийг ноцтой зөрчиж байна. Наад захын шаардлага хангахгүй МСҮТ-д техникчийн ангийг шилжүүлж байгаа нь оюутны эрхийг зөрчиж байна. Яг үнэн хэрэгтээ МСҮТ нь Төмөр замын коллежийн байрны 7 ангид л үйл ажиллагаа явуулж байна.
 
Мэргэжилтэн бэлтгэх сургууль нь бие даасан анги танхимтай, хүн сурах нөхцөл бүрдүүлсэн, сургалтын төлөвлөгөө стандартын дагуу байх ёстой. Улмаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамны тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-д ямар ч үндэслэлгүй   техникийн боловсролын сургалтын үйл ажиллагааг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл гэж багш нар бид  үзэж байна.
 
МСҮТ нь Боловсролын тухай хуулиар 5 жил тутамд аттестатчлалд орох ёстой. Гэтэл 8 жил болсон МСҮТ өнөөг хүртэл аттестатчлагдаагүй явж буй нь хууль бус хэрэг. Тээврийн дээд сургууль нь 63 жилийн түүхтэй. Энэ жил 9 мэргэжлээр элсэлт авсан. Гэтэл шинээр элссэн хүүхдүүдийг МСҮТ рүү дураараа шилжүүлж байна.
 
Дээд сургуулийн техникчийн ангид суралцахаар ирж буй хүүхдүүд үүнийг юу гэж хүлээж авах вэ. Энэ ангид амжилттай суралцсан хүүхдүүд дэвшээд бакалаврын зэргээр сурах боломж нь хаагдана. Энэ мэтчилэн хүний суралцах эрхийг хэн нэгэн дарга үзэгнийхээ үзүүрээр шийдэж болохгүй. Бүртгүүлэхээр ирсэн оюутнууддаа бид хэлэх үггүй сууж байна” гэлээ.
 
 Тээврийн дээд сургуульд 1500 оюутан суралцаж буй бөгөөд энэ жил 400 орчим оюутан шинээр элсэж буй аж. Тус сургуулийн багш нар энэ асуудлаа салбарын яамдад шийдүүлэхээр албан бичиг хүргүүлэхээр болжээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг