sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/.  2016 онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай байгаа тус улсын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон Арктикт нефть болон байгалийн хий олборлохыг эсэргүүцжээ.
 
“Арктик бол хосгүй эрдэнэс юм” гэж тэрбээр “Twitter” дэх хуудсандаа мягмар гарагт бичжээ. “Байгаль орчин бохирдох аюул учруулах учраас Хойд мөсөн далайг өрөмдөж “аз турших хэрэггүй” гэж Клинтон үзэж байна.
 
Нефть болон байгалийн хийн хайгуул хийх зорилгоор Арктикт өрөмдлөг хийх зөвшөөрлийг Обамагийн Засгийн газар “Royal Dutch Shell” компанид  даваа гарагт өгчээ. Улс орныхоо байгалийн нөөцийг хариуцсан АНУ-ын Дотоод хэргийн яам тус компанийнханд Аляск дахь Чукотскийн тэнгист хайгуул хийх зөвшөөрөл олгосон байна.
 
Америкийн хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, “Royal Dutch Shell” компани 1989-1999 онд Чукотскийн тэнгист өрөмдлөг хийсэн бөгөөд байгалийн хий илрүүлжээ. Гэвч тухайн үед АНУ-ын эрх баригчид “цооногийн зөвхөн дээд хэсэгт” өрөмдлөг хийхийг зөвшөөрсөн байв. Харин тус компани одоо нефть болон байгалийн хийн нөөц байж магадгүй илүү гүн давхаргад өрөмдлөг хийх боломжтой болжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг