sonin.mn
Цахим хэлбэрээр газар өмчлүүлэх дөрөвдүгээр ээлжийн бүртгэл энэ сарын 25-ны өдөр эхлэхээр болжээ. Их хотын дарга нарын иргэдээ бодсон ээлжит энэ шийдвэрийн дараа 40 орчим мянган иргэн өөрийн гэсэн газартай болно. Гэхдээ хэн гэдгийг урдаас тааж мэдэх ямар ч боломжгүй. Зөвхөн азандаа найдаад алгаа хавсран суухаас өөр арга иргэдэд үгүй. 
 
Ойрын жилүүдэд бидэнд нэг л өглөө босоод ирэхэд азандаа итгэж, найдахаас өөр сонголт үлддэггүй болчихжээ. Тэр ч бүү хэл, Төрийн ордны дугуй танхимд заларч, том модон ширээ тохойлдон суухад хүртэл аз гээч адармаатай тэр нууц гол үүрэг гүйцэтгэдэг болоод байна. Аз байхад ард түмэн таалсан үгүй, ажлын байр бий болгосон эсэх хамаагүй, шууд л УИХ-ын гишүүний батлах гарддаг болов. 
 
Маш товчхондоо, намын жагсаалт гэдэг нэг төрлийн азын сугалаа юм. Тийм л учраас аз байвал тайван хангалуун амьдраад байж болно гэсэн ойлголт өнөөгийн монголчуудын сэтгэхүйд амь бөхтэй суурьшаад уджээ. Энэ цаг үед өлгийтэй балчраас эхлээд өвгөд хөгшид хүртэл ирээдүйн хувь заяагаа сугалаагаар шийддэг болов. 
 
Магадгүй зарим нэгт нь мэдлэг шүтэж, номын мөр хөөсөн нь утгагүй мэт санагддаг ч байж болох юм. Ямартай ч бид амьдрах газраа, орон сууцаа сугалаагаар авч, автобусанд карт захиалахад хүртэл азаа сорьж, бяцхан үрсдээ сургуулийн өмнөх боловсрло олгохын тулд ёндоондоо найдахаас өөр гарц, хонгилгүй болов. 
 
Манай улсын нийслэл сая гаруй иргэнтэй. Тэд тун саяхнаас эхлэн ухаалаг автобусаар зорчиж, цахим картаар үйлчлүүлж эхэлсэн. Ирэх сарын 1-нээс карт захиалаагүй иргэн 1000 төгрөгөер автобусанд зорчих болж байна. Энэ бүхний ард бас л азанд найдах асуудал өөрийн эрхгүй урган гарч байна.
 
Учир нь ширхэг тус бүрийг нь төгрөгөөр борлуулж байгаа “U monеу” нэртэй тус карт нийслэлийн иргэн бүрт хүрэлцэхгүй. Тиймээс азгүй 300 гаруй мянган монгол иргэн нийтийн тээврээр аз нь шовойсон элэг нэгтнүүдээсээ хоёр дахин илүү өртгөөр зорчиж таарна. Энэ картыг Худалдаа хөгжлийн банк оруулж ирсэн гэж байгаа. 
 
Үнэндээ ямар сонгон шалгаруулалт болж, хэдэн банк оролцож, энэ эрхийг тус баж авсан нь нууцлаг. Иргэн бүрт байдаг арилжааны банкны картаар автобусанд зорчихдоо яагаад төлбөрөө хийж болоогүй гэдэг нь бүр ч далдлаг. Одоогоор манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 14 банк бий. Тэдэн дундаас ганцхан Худалдаа хөгжлийн банкны аз шовойсон байж ч магадгүй юм. 
 
Нөхцөл байдал нэгэнт мэдлэгт суурилсан байдлаас үл шалтгаалах болсон тул азын сугалааг манай улсын боловсролын салбар хүртэл туршиж үзээд, “Хангалттай" гэсэн үнэлгээ өгөөд байна. Тодруулбал, өнгөрсөн жил Чингэлтэй, Хан-Уул дүүргийн иргэд цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд азын сугалаа “татаж” байжээ. 
 
Энэ хувилбарыг Нийслэлийн боловсролын газар онцгойлон дэмжсэнээр өнөө жил Баянзүрх дүүргийн цэцэрлэгүүд сонгон шалгаруулалтаа сугалааны журмаар хялбархан шийдэх болоод байна. Энэ байдлаараа тун удахгүй цэцэрлэгийн хүүхдийн сонгон шалгаруулалтыг МҮОНТ-ээр шууд дамжуулж, шилэн хоргон дотроос бөмбөг үлээлгэж, “Тэд тэд гэсэн регистрийн дугаартай... танд Цэцэрлэгт орох эрх хожсонд баяр хүргэе’’ хэмээн алга нижигнүүлэн ташиж магадгүй. 
 
Мөн өмнөх жилүүдэд сургуулийн дотуур байранд хүүхэд авахын тулд их хотод орох оронгүй оюутнуудын дунд азын сугалаа аялуулдаг байжээ. Цөөн үгээр хэлбэл, хөдөөнөөс ирсэн оюутны гудамжинд гарах эсэхийг зөвхөн сугалааны тохирол л шийддэг байсан гэсэн үг. 
 
Ийнхүү боловсролын бие даасан салбар нь мэдлэг олгоход бус азын сугалаанд хамаг анхаарлаа хандуулах болсон тул сайд, дарга нарын зүгээс иргэдийнхээ азыг сорих гэсэн тэнэг хүсэлд гайхах хэрэггүй юм. Үнэндээ манай улсын сайд дарга нар ч мөн л аз сорих тун дуртай. Гэвч энгийн иргэдээс ялгаатай нь тэд зөвхөн хүний өмнөөс л аз сорьдог. Бидний үр хүүхдийн өмнөөс бонд гаргаж, өр тавина. Цөөхөн жилд гадаад дотоодын асар олон бонд гаргаж өр тавина гэдэг маш энгийнээр бол бидний азыг сорьж байгаа нэг хэлбэр. 
 
Өөрөөр хэлбэл, өмнөд хөршийн мэдээллийн том агентлагт гарч, биднийг гүн эмзэглүүлсэн “2017 онд Монгол Улс дампуурна” гэсэн мэдээлэл цаг хугацааны хувьд биш юм аа гэхэд биеллээ олбол бидний хохь болж, жинхэнэ утгаараа азгүй амьтад болон хувирна. Харин энэ их өр шир, өглөг авлага дунд амьд арзайж, мэнд мэлтийж байвал азын сугалаад “од" гийхтэй адил хэрэг болох биз. Гэвч хамгийн гайхалтай нь азын сугалаан дунд амьдрал үргэлжлэхээр хариуцлага тооцох эзэн улам бүдгэрдэг ажээ. 
 
Хамгийн энгийн жишээ л гэхэд бидний хүүхэд цэцэрлэггүй, өөрсдөө газар өмчилж авч чадаагүй бол хэн ч хариуцлага хүлээхгүй. Ёстой л өөрийнхөө толгойг бариад азгүй амьтан болохоо ахин дахин гайхаж хэвтэхээс өөр хэнийгээ ч зэмлэх билээ. Магадгүй зөвхөн энэ байдал манай улсын удирдлагууд, хотын дарга нарын иргэдийнхээ азыг сорих дуртай байдгийн гол нууц байх.
 
Гэвч энэ бүхний эсрэг талд бүх зүйл утгагүй болж эхэлж байна. Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх дээдлэх тухай ойлголт тооны хүрдээс ч ач холбогдол багатай цаас болон хувирч байна. 
 
Хамгийн энгийн жишээ гэхэд хуулиараа бол бидний хүүхэд Ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Гэтэл азын сугалааг шүтэж эхэлсэн энэ цагаас хойш тасалбарын дугаар та бидний амьдралыг өөрчилж, хууль журмыг тогтоодог болж байна. 
 
Хатуухан хэлэхэд ирэх жилүүдэд азандаа итгэсэн залуус их хэмжээний хөрөнгө, мөнгө хулгай хийх, иргэдийг залилах явдал ч огцом нэмэгдэж мэдэхээр болж байна. Учир нь тун удахгүй Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ой болно. Энэ баярыг угтсан Өршөөлийн тухай хууль гарна гэдэгт тэд бүрэн итгэж, аз сорино...
 
Д.Ганбаатар
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин