sonin.mn
УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Ерөнхийлөгчийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн тавьсан хоригийг дэмжинэ гэдгээ илэрхийллээ.
 
УИХ-ын ээлжт бус чуулганаар өршөөл үзүүлэх тухай хоёр хууль баталсан. Энэ бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон Өршөөл үзүүлэх тухай хууль. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нууц байсан хөрөнгүүд ил гарч, эдийн засгийн “цусны эргэлт” сайжирна гэж итгэж байна.
 
Ерөнхийлөгч эрүүгийн Өршөөлийн хуульд авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг хамруулж болохгүй гэж үзэн хэсэгчилж хориг тавьсан. Эрүүгийн хуульд авлига албан тушаалын 10 хэрэг байдаг. Тус 10 хэргээс 7-г нь Монгол улсын Ерөнхийлөгч өршөөлд оруулахгүй байх нь зүйтэй гэдэг санал явуулсан байна.
 
Тодруулбал, 268-р зүйл буюу “хээл, хахуул авах”, “263-р зүйл Төрийн албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, 264-р зүйл, 270-р зүйл, 248-р зүйл “Бусдын эд хөрөнгийг их хэмжээгээр залилан мэхэлж авах, завших, үрэгдүүлэх гэсэн заалтыг нэрлэж болох юм хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.
 
Тэрбээр, “Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын дэгийн тухай  хуулийн дагуу нээлттэй хэлэлцэнэ. УИХ-ын олон гишүүн намынхаа, бүлгийнхээ, даргынхаа барьцаанд байгаа. Иргэд биднийг 3 сая хүний төлөө ажилла гэж сонгосон. Түүнээс биш 3 даргын төлөө ажилла гэж сонгоогүй. Тиймээс УИХ-ын гишүүдэд улс орныхоо эрх ашгийг бодож Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг уриалмаар байна” гэлээ.
 
Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авлаа.
 
-Жастин Капла нарын хэргийг өршөөсөн. Түүний төлөх ёстой 35 тэрбум төгрөгийг Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамруулах уу?
 
-Жастин Капла нарын хүмүүст уучлал үзүүлж, эрүүгийн хариуцлагаас нь чөлөөлсөн гэж Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх тайлбарласан. Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн татвараа төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа.
 
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон Өршөөлийн хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?
 
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэлэлцэхэд 25 жил бизнес хийж, ажлын байр бий болгож,  Монголдоо баялаг бүтээж байгаад нэг удаа алдаа гаргасан бизнесмэнүүдийг нэг удаад уучлахгүй бол болохгүй гэдэг бодол УИХ-ын гишүүдэд байсныг хэлмээр байна.
 
Өршөөлийн хууль авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг  чөлөөлөөд явуулж байгаа юм биш. Хүмүүс буруу ойлгоод байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсад учруулсан хохирлоо, авлигын замаар авсан өмч хөрөнгөө улсын төсөвт тушаасан, тушаахаа илэрхийсэн хүмүүсийг өршөөлд хамруулна.
 
Ерөнхийлөгч хориг  тавьсан учраас  авлига, албан тушаалын 10 гэмт хэргийн 7 нь өршөөлд хамрахгүй болох магадлалтай. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 33 хувийн санал хэрэгтэй. 38 гишүүн хуралдаанд оролцоход  14 гишүүн хоригийг хүлээж авахаар  дэмжсэн байхад  хангалттай гэсэн үг.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч авлигатай, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэнэ гэж гарч ирсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хоригоо тавьсан. Үүнийг УИХ-ын олон гишүүн дэмжиж байгаа.
 
-Сайд нарын томилгооны асуудалд ямар байр суурьтай байна вэ?
 
-Сайдын томилгоо тодорхой болоогүй байна. Засгийн газрыг АН “Шударга ёс” эвсэлтэй хамтарч байгуулах нь тодорхой. Парламентад  суудалтай  бүлэг байгуулах хэмжээний улс төрийн нам эвсэл хамтарч Засгийн газрыг байгуулдаг.
 
Одоогийн байдлаар парламентад суудалтай бүлэг байгуулах хэмжээний АН, МАН, “Шударга ёс” эвсэл гэсэн гурван хүчин байна. ИЗНН хоёрхон гишүүнтэй, бүлэг байгуулах боломжгүй. Бие даагчийг парламентад улс төрийн хүчин гэж үздэггүй. “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас өөр аргагүй.
 
-АН сайд нарынхаа нэрийг тодруулсан уу?
 
-АН-ын сайдууд хараахан тодорхой болоогүй байна. Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Г.Баярсайхан, Д.Гарамгайбаатар, Б.Болор, Н.Батбаяр зэрэг хүмүүсийн нэр сайдад яригдаж байгаа.
 
- Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуулиар татвараа нуусан аж ахуйн нэгжүүдийг өршөөнө. Харин татвараа шударгаар төлдөг аж ахуйн нэгжүүдийг урамшуулах асуудал орхигдож байна. Нийгэмд баялаг бүтээгчдэд ялгавартай хандаж байна гэсэн дургүйцэл үүсээд байна?
 
-Эдийн засгийн өршөөлийн хууль баталсны дараа татвараа төлөөгүй, хөрөнгөө нууж байсан хүмүүст ашигтай байдал үүслээ. Шударгаар бизнес эрхэлж байсан хүмүүс нь хохироод үлдэх үү гэдэг асуудлыг ярьж байна. Шударгаар бизнес эрхэлж, татвараа олон жил төлсөн аж ахуйн нэгжүүдийг дэмждэг бодлого төрд байгаа.
 
Хамгийн наад зах нь төрийн захиалгатай бизнес, тендерт ороход татвараа шударгаар төлдөг, балансаа тогтмол гаргадаг, татварын өргүй аж ахуйн нэгжид давуу эрх олгодог.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг