sonin.mn
  Чөлөөлөх дайны 70 жилийн ойд зориулан Дарьганга сумын Дагшин булагийн эхэнд  “Фронтын зам” дурсгалын багана босгов.
 Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штабын санаачилгаар зураач Ё.Бадарчийн зохион бүтээсэн  2 метр орчим өндөр  гантиг чулуун  баганы  өмнө талд “Фронтын зам”,  “ЗХУ-ын хоёр удаагийн, Монгол улсын баатар,  армийн генерал И.А.Плиевийн командалсан Монгол Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэг 1945-08-08-ны өдөр энэ замаар Молцог элсийг гаталж чөлөөлөх дайнд оролцжээ” гэсэн үгийг монгол, крилл үсгээр сийлбэрлэжээ.
 
     И.А.Плиевийн удирдсан мото механикжсан анги  нь тус аймгийн Хонгор, Онгон, Дарьганга сумын нутаг  Байшинт, Овоот, Наранбулгаар дамжин улсын хил давахдаа нутгийн  ард түмний хүчээр Молцог элсэнд чулуун зам тавьж  гаталсаны ул мөр  Дарьганга сумын төвийн  Дагшин булагийн дээд талд  элсэн манхан дунд байдаг  бөгөөд  нутгийнхан түүнийг “Плиевийн зам” хэмээн нэрийддэг байна.
 
Г.СҮХЭЭ
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг