sonin.mn
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны IX бага хурал энэ сарын 25-26-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болно хэмээн Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.
 
Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулдгаас 52 нь төрийн өмчийн сургууль бөгөөд тэдгээрээс 37 нь Хөдөлмөрийн яаманд харьяалагддаг байна.
 
Мэргэжлийн боловрол, сургалтын салбарын багш, удирдах ажилтны бага хуралд салбарын 400 гаруй мэргэжилтэнг “Чадвартай баг, чанартай сургалт, чадамжтай суралцагч” уриан дор чуулах аж. Тус хурлаар салбарын бодлого үйл ажиллагаа, ойрын жилд хийх ажлын зорилт, хөгжлийн стратегийг тодорхойлох юм байна. 
 
2015-2016 оны хичээлийн жилд улсын хэмжээгээр Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон политехник коллежид 15 салбар, 162 мэргэжлээр 45 гаруй мянган хүүхэд залуусыг сургаж мэргэжил эзэмшүүлэх юм. Тэдэнд мэргэжлийн ур чадвар олгож, мэдлэг эзэмшүүлэх үйлст 3000 гаруй багш, ажилчид оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллах гэнэ.
 
Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг