sonin.mn
НҮБ. /TASS/. Яаралтай хурал зарлаж, АНУ болон Өмнөд Солонгосын цэргүүдийн хийж буй “Ulchi Freedom Guardian” хамтарсан сургуулийн талаар хэлэлцэх хүсэлтийг Умард Солонгосын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд /АЗ/ албан ёсоор тавьжээ.
 
Наян мянга орчим цэрэг оролцож буй хамтарсан сургуулилт нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж НҮБ-ын дэргэд суугаа Умард Солонгосын байнгын төлөөлөгчийн пүрэв гарагт нийтэлсэн захидалд цохон тэмдэглэсэн байна.
 
“АНУ-ын хийж буй дайсагнасан, өдөөн хатгасан хамтарсан цэргийн сургуулилт нь одоо Умард Солонгос болон АНУ хоорондын эсвэл Солонгос хоорондын харилцаагаар хязгаарлагдсан асуудал биш болсон бөгөөд харин Зүүн Хойд Азийн энх тайван, аюулгүй байдалд аюул учруулсан олон улсын асуудал болж байна.
 
Үүнтэй холбогдуулан би  АНУ-ын хийж буй хамтарсан цэргийн сургуулилтыг АЗ-ийн хэлэлцэх асуудалд оруулж, АЗ-ийн яаралтай хурлыг зарлаж хуралдуулах хүсэлт гаргаж байна” гэж Умард Солонгосын байнгын төлөөлөгч бичжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг