sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас албан тушаалаасаа огцорч, парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулахаа мэдэгдлээ.  Сонгууль дуусах хүртэл Грекийн Засгийн газрыг тус улсын Үндсэн хуулийн дагуу Дээд шүүхийн дарга Василики Тану-Христофилуг тэргүүлэх аж.
 
Ципрас сонгууль явуулах өдрийг дурдаагүй боловч есдүгээр сарын 20-нд болох төлөвтэй байна. Энэ оны нэгдүгээр сарын 25-нд Грект болсон парламентын сонгуульд хэт зүүний үзэлт СИРИЗА эвсэл ялсны дараа Алексис Ципрас тус улсын Засгийн газрыг долоон сар тэргүүлсэн юм.
 
“Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр огцруулах тухай хүсэлтийг би Грекийн Ерөнхийлөгчид өгсөн” гэж Ципрас ард түмэндээ хандан үг хэлэхдээ мэдэгджээ. Улсын өрийг цайруулах тухай хэлэлцээг хэн хийхийг, томоохон шинэчлэлийг чухам хэн хийхийг ард түмэн шийдэх ёстой гэж тэрбээр хэлсэн байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг