sonin.mn
АФИН. /ВВС/. Грекийн Засгийн газар тусгай гатлага онгоцоор цагаачдын цувааг дийлэхээ больсон улсынхаа арлуудаас нийслэл Афин хотынхоо захын дүүргүүдэд Сирийн цагаачдыг аваачжээ. Өчигдөр Афин хотын захад байдаг, Грекийн гол боомт болох Пирейд 2500 цагаач уг гатлага онгоцоор очсон байна.
 
Эдгээр цагаачийн олонх нь Грекийн зүүн өмнөд нутгийн дөрвөн арал дээр байжээ. Тэд иргэний дайны улмаас улсаасаа дүрвэсэн ажээ.
 
Цагаачид олноороо ирж байгаа нь арлын оршин суугчдын аж амьдралд маш их сөргөөр нөлөөлж байна гэж Грекийн арлуудын албаны хүмүүс гомдол мэдүүлснээр Засгийн газар нь цагаачдыг нийслэл рүүгээ татжээ.
 
Грек цагаачдын асуудлыг шийдвэрлэхээр тэмцэж байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахад Грекийн засгийн газарт туслахыг НҮБ-ын албаны хүмүүс уриалж байна.
 
Гэхдээ цагаачдын олонх нь, “Грек санхүүгийн хямралтай байгаа учраас бид энд байхыг хүсэхгүй байна. Герман, Их Британи зэрэг Европын бусад хөгжингүй улс руу явахыг хүсч байна” гэж ярьжээ. Цагаачдын зарим нь боомтод очсоныхоо дараа шууд төмөр замын буудал руу явжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг