sonin.mn
Байгалийн санитар Банхар  
 
Хэдэн жилийн өмнө Шведийн хоёр жуулчинтай хөдөөгүүр баахан явлаа. Эхнэр нь надаас “Танай малчдын чинь гадаа жорлон, хогийн сав байдаггүй юм байна. Яаж болгодог юм бол” гэж асуув. “Хонох газраа очоод үзүүлье” гэчихээд нэг айлын гадна очиж майхнаа барьж тухаллаа. Төдөлгүй нөгөө айлын эзэгтэй захиалсан юм шиг гэрээсээ холхон харганын араар орж хүндэрчихээд ирэнгүүт Банхар нь гүйж очоод юу ч үгүй болтол нь долоочихоод явчихав. Нөгөө хоёр маань ч нилээд шоконд орсон доо. Хогийн савны хувьд хөдөөгийн айлаас ахуйн ямар ч хог гардаггүй, хоолны үлдэгдэл хаягдлыг нь Банхар өөрөө ийнхүү “зохицуулчихдаг” харин сүүлийн үед нарны үүсгүүр болоод машин, мотоциклын хаягдал батарей л байгаль орчинд асуудал болоод байгаа талаар би ярьсан юм. 
   Морьтой машинтай хүн ирэхэд хамгийн түрүүн Банхар гүйж очиж хуцаж угтана, явахад нь мөн энэ маягаараа “гаргаж өгнө”. Гэрийнхээ гадна хүн рүү дайрна, ноцно гэж ер үгүй. Ийм л гайхалтай амьтан даа.
 
    Герман хүнээс дэлхий дээр хэдэн төрлийн  машин байдаг юм болоо гэж асуусан чинь Бенз болоод бусад машинууд гэж хариулсан гэдэг шиг нэгэнт нохойны тухай яриагаа эхэлчихсэн юм чинь банхараасаа бусад төрлийн нохдын тухай олж мэдсэнээсээ бас хуваалцъя.
 
    Өнөөдөр дэлхийн зах зээл дээр сайн рекламдаж чадвал Монгол банхарын гөлөг $850-3500 долларын үнэ  хүрдэг гэсэн мэдээ буй. Дэлхийд сүүлийн үед хамгийн үнд ороод байгаа нохой бол Түвд мастиф буюу монголоор гарж нохой аж. Саяхан 1 сая 500 мянган долларын үнэ хүрсэн улаан түвд нохойн зураг интернетээр тарж мөн ч их дуулиан тарив даа. Гэтэл бүр түүнээс ч үнэтэй зарагдсан тохиолдлууд байна. 2010 оны 12-р сард нэрээ нууцалсан нэгэн хятад баян эр хоёр сая таван зуун мянган доллараар дөнгөж ойндоо хүрч буй гаржны гөлөг авсан бол, 2011 оны хавар дун цагаан зүсмийн гарж нохой Ордос руу 35 сая юаниар зарагдсан нь өнөөгийн ханшаар арван тэрбум таван зуун сая төгрөг болж байна.  Өнөөдөр ийнхүү гарж нохой Хятадад  баян чинээлгийн бэлгэдэл болоод байгаа аж. 
       Гарж нохой гэхдээ маш  түрэмгий, өөр лүү нь ойртсон хүн амьтныг хайр найргүй урна. Энэ нохой байгалиасаа ирвэс, чонотой үзэлцэж явахаар заяагдсан амьтан болохоор хамгаалах чадвараар гойд гэгддэг юм билээ. Зуслангийн хөрш маань хэд хэдэн томоос том гарж нохойтой.  Тэд хашаа руугаа ойртсон хөгшид хүүхэд хэн рүү ч уурсан дайрдаг, бүр хашаа руугаа орсон хоёр гурван хүнийг урж гэмтээсэн шүү. Эзэн рүүгээ хүртэл уурсан дайрдаг энэ нохойнд Монгол банхарын үнэр ч байхгүй юм билээ.  
   Эзэн нь орхиод нутаг буцчихсан нэгэн Солонгос хаски буюу жиндо нохойг хүү маань авчираад зуслан дээр орхичихсон нь манай гэрийн амьдралын хэв маягийг бараг орвонгоор нь өөрчилж орхилоо. “Урьдахаа яая гэж байхад нохой авчирлаа, энэ нохой чинь мод сөөг хугачаад дууслаа, зүлэг сүйтгэлээ” гэх эхнэрийн үглэхийг тэвчсээр сар болоход өнөөх маань нохойдоо аажим аажмаар дасаж, хооллож, өхөөрдөж, бараг үнсэж үнгэх нь холгүй болох нь тэр. Өглөө бүр  нохойгоо хүндэрч хөнгөрүүлэх ажлаар хашаанаасаа гадагш нь гаргана. Хаски үүрэндээ өтгөн шингэнээ гаргадаггүй, хүндрэхдээ хүрвэл гаслан гангинанаж чанга, бүдүүн дуугаар зогсолтгүй хуцна.  Энэ нохойг тэжээж эхэлснээс хойш байнга өндөр байдаг миний цусны даралт аажмаар бууж, одоо өдөр бүр уудаг даралтныхаа эмийг бараг хаяад байна.  Хүссэн ч хүсээгүй, бороотой, шороотой байсан ч өглөө бүр нохойтойгоо ойролцоох булаг руу хоёр км гүйдэг болсны ач юм болов уу гэж боддог байлаа. Гэтэл  саяхан Оросын нэг  сайт руу ороод үзсэн чинь  “нохой тэжээдэг хүн зүрх судасны өвчнөөр өвдөх нь бага, өвдсөн ч амархан эдгэнэ, үүнээс үүдэлтэй даралттай бол бууна, тэр бүү хэл нохой тэжээдэг айлын хүүхдүүд өвдөх нь хүртэл бага байдаг” гэж бичсэн байна лээ. 
 
 
   Хаски өлссөн үедээ сүүлээ шарвалзуулан хараа хөдөлгөөнөөрөө хоол нэхэн амаа долоож горьдсон шинжээ илэрхийлнэ.  Монгол банхар шиг хаа хамаагүй хоол голоод идэхгүй, тэр тусмаа түүхий бол бүр шиншдэг ч үгүй байлаа. Одоо монголжиж бүр хавирга сүвэргэний ясыг яс тажигнатал нь зажлаад иддэг болсон гээд л бодчих. Хааяа нэг өвчүү цээжийг нь маажихад их таатай. Нохойн хөл нь хэзээ ч өвчүүндээ хүрдэггүй, тэнд нь маажиж өгсөн хүнээ хэзээ ч мартдаггүй гэж өвөө маань бидэнд сургадаг байсныг санаж байна. Энэ төрлийн нохой тэжээл олох эрж хайх, олж авах чадвар нь үнэрлэх эрхтэндээ байдаг юм шиг санагдсан. Хээр дагуулж явахад хулгана зурамны үнэрийг андахгүй. Мөрөөр нь мөшгиж явсаар яг нүхийг нь олж очно.  300 км зайтай газар өөр айлд өгчихсөн нэгэн Жиндо долоо хоногийн дараа гэртээ буцаад ирсэнд омогшсон Хангин залуус энэ нохойг ТВ од болгож баахан шуугицгааснаа  амьдад нь  хөшөөгий нь босгосон гэж байгаа.
    Москвад оюутан байхдаа би нэг орос найзындаа хааяа очдог байлаа. Тэднийх аймшигтай том немц овчаркатай. Найзынхаа өвөө рүү нь намайг жаахан дөхөх гэхээр л урьдаас хүржигнэтэл архирна, яг Гитлерийн хоёр немц овчарк шиг. Тэр өвгөн  нохойгоо ач нараасаа илүү эрхлүүлнэ. Шалан дээр дээр хэвтэж байхад нь дуртай хиамыг нь шидээд өгсөн ч идэхгүй, заавал ширээн дээр эзэнтэйгээ зэрэгцэн сууж хооллодог байлаа. Өвгөн нохойгоо дэргэдээ сандал тавьж суулгаад тавагтай хоолноос өөрийнхөө болоод нохойныхоо ам руу ээлжлэн сэрээдэхийг хараад би их гайхдаг байж билээ. 
 
 
     Нохой үхэн үхтлээ хүнд үнэнч байсан түүх олон. Социалист систем задарч монголчууд бид гаднын дуртай орон руугаа явах эрхтэй болсон тэртээ ерээд онд миний анхны зорчсон барууны орон бол Япон улс байлаа. 1992 онд Токиод болсон олон улсын хуралд очих үеэрээ Шибуяа дүүрэгт залуучууд олноор цугладаг Хачико нэртэй нохойны хөшөөг үзэж, доорхи түүхийг сонссоноо мартдаггүй юм. Токиогийн нэгэн их сургуулийн профессор эзнээ өглөө бүр автобусны буудалд хүргэж өгөөд өдрийн 3 цагт тосож авдаг байсан бяцхан хавыг хүмүүс тэр болгон анзаардаггүй байж л дээ. Гэтэл 1925 оны хаврын нэг өдөр профессор зүрхний шигдээсээр гэнэт ажил дээрээ өнгөрч, тэр үедээ ой тавхан сартай хав эзнээ ирэхийг нь хүлээн харанхуй болтол станц дээр суудаг болсон гэдэг. 1932 оныг хүртэл долоон жил  эзнээ хүлээн сууж байгаа хавын талаар Японы нэгэн сонинд бичсэнээс хойш хүмүүс түүнийг харахаар Японы өнцөг булан бүрээс Шибуя станцыг зорьж ирэх болсон байна.   Япончууд тэр доор нь хандив цуглуулан 1934 онд хүнд хамгийн үнэнч амьтны үлгэр жишээ болгон энэ хөшөөг Хачиког амьдад нь босгожээ.  Хачико 1935он  хүртэл буюу 9 жил үхэн үхтлээ энэ станц дээр ирж эзнээ хүлээсээр станцын ойролцоо үхсэнийг олж, Япон орон даяар энэ өдрийг гашуудлын өдөр болгон зарлаж байсан түүхтэй. Өнөөдөр Токиогийн төвд Хачикогийн хүрэл хөшөө үнэнч хайрын бэлэг тэмдэг болон гэрэлтэж, дурлалт хосуудын цугладаг газар болж хувирсан байна билээ. 
  Амьд нохойнд босгосон анхны хөшөө энэ ч биш. Шотландын Эйденбург хотод цагдаагийн офицероор ажиллаж байгаад амиа алдсан эзнээсээ холдолгүй үхэн үхтлээ 14 жил шарилан дээр нь хэвтсэн Бобби нэртэй  нохойн хөшөө буй. Хөшөөн дээр  “Таны  үлгэрлэсэн  үүрдийн үнэнч хайр бид бүгдэд сургамж болох болтугай”хэмээн бичсэн байдаг.   
 
 Судалгаанаас үзвэл ОХУ-ын хөдөө тосгонд амьдрагсдын 70% нь нохойтой бол хот суурин газрын иргэдийн 11%, дунджаар Оросын иргэдийн 41% нь нохой тэжээдэг бол АНУ-ын 71 сая иргэд гэртээ 77.5 сая нохойтойгоо хамт амьдардаг гэсэн тооцоо гарчээ.  Коммунист Хятадад нохой тэжээхийг хөрөнгөтний ёс зүй хэмээн үзэж хориглодог боловч өнөөдөр тэнд 27 сая гэрийн нохой байдаг  аж.      
 
 
    Аврагч нохдууд өнөөдөр газар хөдөлж, галт уул дэлбэрсэн, хөрс, цасны нуралга, үер усанд дарагдсан гээд энэ дэлхийн хамгийн халуун цэгүүдэд хүмүүний амь насыг аврах ажилд оролцож байна. Өнгөрсөн хаврын Непалд болсон аймшигт газар хөдлөлтийн дараа нохдын ачаар нурангинд дарагдсан хичнээн олон хүмүүсийг олж гаргав даа. Иймэрхүү газруудад ажиллуулах зорилгоор нохой бэлтгэдэг Олон Улсын Аврагч Нохдын Нийгэмлэг хүртэл байгуулагдлаа. 
 
 
 Цэрэг дайны үед нохой ашигласан түүх бүр манай тооллоос өмнөх он жилүүдээс эхэлсэн түүхтэй.    Бидний багад “Нохойтой дөрвөн танкчин”, “Мухтар ко мне” гээд нохойны тухай кино олон байсан даа. Агуа эх орны II дайны үед Герман цэргүүд хоригдлуудыг вагонд буулгаж суулгаж байх үедээ ямар олон Немц овчаркууд ашигладаг байсныг бид киноноос хардаг байсан даа. Зөвлөлтийн арми ч ялгаагүй 70 гаруй мянган нохдыг сургаж дайн тулаанд ашигласан гэдэг баримт бий. Тагнуул, харуул хамгаалалт, шархадсан цэргүүдийг галын шугамаас зөөх, байлдааны талбайд тавьсан мина илрүүлэх, тэр бүү хэл дайсны танкин доогуур мина зүүж очоод амиа золиослон дэлбэлж устгах үүргийг ч тэд амжилттай гүйцэтгэдэг байжээ. Энэ гавьяаг нь үнэлж олон ноход одон медалиар шагнуулж байсан ба  өнгөрсөн хавар Улаан талбайд болсон ялалтын их параддаа хүртэл нохдыг оролцуулсныг бид телевизээр харцгаасан.   
  Эрэлч ноход алуурч, хулгайчдыг олж илрүүлэхэд цагдаагийн ажилтнуудад тусалж байгаагаас гадна өнөөдөр тэд олон улсын том том нисэх буудлуудад өдөр шөнөгүй ажиллаж зэвсэг, хар тамхины наймаачдыг илрүүлэх үүргээ амжилттай гүйцэтгэсээр байна.    
 
 
     “Хаски” үүлдрийн туйлын хүйтэнд онцгой тэсвэртэй нохдын тусламжтайгаар эрдэмтэн судлаачид хойд болоод өмнөд туйлд анх хүрцгээсэн гэж байгаа. Норвегийн судлаач Амундсен  -70 хэмийн хүйтэнд арван нохой хөлөглөн гурван сар аялахдаа 3000 км-ийг  туулж өмнөд туйлд хүрчээ. Буцах замдаа тэд хоол хүнсээ дууссан учир нохдуудынхаа заримыг алж идэж байж эсэн мэнд ирцгээсэн гэдэг. Нохойн махыг хоол хүнсэндээ хэрэглэдэг уламжлалтай үндэстнүүд цөөнгүй. Солонгос, Хятад, Вьетнам гээд. Солонгосд нохойн махыг 1991 оноос хүнсэнд хэрэглэхийг хориглосон гэх боловч, одоо хүртэл тэд ёс заншлаа орхиогүй л байгаа. Монголчууд бидний дунд ч чоно, нохойн мах идэн уушигны архаг өвчнөөсөө салж байсан түүх бишгүй олон. Нохойг сансарт нисгэж туршсан анхны орон бол ЗХУ. Домогт Юрий Гагариныг сансарт нисэхээс дөрвөн жилийн өмнө 1957 онд Лайка нэртэй хавыг амиар нь золиослон сансарт хөөргөн туршиж байсан юм. Түүний хөшөө Москва хотын төв гудамжинд буй.
 
 
    Нохойны тусыг хамгийн их мэдэрдэг хүмүүс бол хараагүйчүүд байдаг. Дэлхий дээр өнөөдөр сая сая хараагүйчүүдэд сургуультай ноход нь үнэнч туслах нь болж байна. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-нд ажилладаг Уянгаа гэж авьяаслаг хараагүй охиныг өглөө болгон ажилд нь хүргэж, орой дагуулж харьдаг дотнын туслах нь хөөрхөн цагаан хав байдаг талаар телевизээр ярихыг хараад уярч сууж билээ. 
   Өмнөд тивээс бусад хүн амьдардаг бүх газар нохой байна, байсаар ч байх болно. Хөдөөгийн монгол айлын гаднаас хоточ нохойн дуу тасрах ёсгүй юм шүү.  Өдрөөс өдөрт цөөрсөөр байгаа гайхамшигт Монгол банхараа хайрлан хамгаалцгаая.
 
                                                         Ш.Пүрэвсүрэн
 
 
2015-08-18