sonin.mn
Монголын Ардчилсан Социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо, Монголын Ардчилсан Холбоо, Монголын Оюутны холбооны төлөөлөл Ерөнхийлөгчийн Өршөөлийн хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийг хүлээн авахыг улс төрийн намуудаас шаардаж, мэдэгдэл хүргүүллээ.
Мэдэгдэлд “Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихгүй гэж санал өгсөн УИХ-ын гишүүд албан тушаалын хэрэгт холбогдсон, ашиг сонирхолын зөрчилтэй, ардчилал шударга ёсыг үл ойшоодог хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй, төрийн өндөр албан тушаалд томилох, ажиллах явдлыг бүрмөсөн таслан зогсоохыг УИХ дахь нам, эвслийн бүлгүүдээс шаардаж байна” гэжээ.
 
Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөл /АХАЗ/-ийн тэргүүн Д.Хархүү “Нэг удаа алдаж эндсэн залуус, жирэмсэн эмэгтэйчүүд, насны нар хэвийн хөгшидийг уучилж болно. Гэхдээ авлигач, улс оронд ноцтой хохирол учруулсан этгээдийг хэрхэвч  өршөөх ёсгүй. Цаашилбал энэ нь улс орны аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохыг анхааруулж байна. Мөн 2008 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр баталсан “Татварын өршөөл үзүүлэх” тухай хуулийн уршгаар улсад нийтдээ 34 тэрбум төгрөгний өртэй этгээдүүдийг өршөөсөн. Энэ хэмжээний мөнгөөр улсад шаардлагатай сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьж бүтээх боломжтой" гэв.
 
Т.Ариун
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг