sonin.mn
Манай упс төрд популизм гэж нэгэн зүйл газар авлаа. Өнөөгийн, бас ойрын ирээдүйн жижиг ашиг сонирхлын төлөө олонхид таалагдах зүйлүүдийг хэлж, хамгийн хялбар шийдвэрүүдийг дэвшүүлж, улстөрийн хэдэн оноо цуглуулж, магадгүй дараагийн сонгуульд бэлтгэлээ хангаж суугаа улс төрчид олон боллоо.
 
Цагийн эргэлтийн жамаар тэр популистуудын ярьдаг сэдвүүд нь цөөрөөд, хууртагддаг хүмүүс нь багасаад явах байх. Учир нь популизм тооцоо, судалгаан дээр суурилдаггүй. Хоосон лоозон, заримдаа эх оронч сэтгэлийн хамгийн энгийн, хялбарчилсан хувилбар дээр тоглолт хийдэг. Энэ үзэгдлийн хажуугаар манайд “популизм+эдийн засгийн дайсагнал” гэдэг сонин үзэгдэл гарчирлээ.
 
Нэгэн жишээ.
 
2011 оны 4 сарын 22 өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо Шинэ төмөр замын нээлтийн үйл ажиллагаа. Олон хүн цуглаж олон ч сайхан үгс хэлэгдлээ. Манай гэрэлт ирээдүй харагдах шиг л боллоо. Тухайн үеийн ЗТБХБ-ын сайд Х.Баттулга “бүтээн байгуулагч” гэдэг имижтэй болов. 
 
Олон ч бөмбөлөг үлээж, олон ч тууз хайчиллаа. Орчин цагийн аясыг дагаж хэдэн лам ном хурав. Бичил шоугаар өндөрлөчих байсан бичил популизмыг эрх мэдэлтэй түшмэд улам гүнзгийрүүлж Шинэ төмөр замын газар шорооны ажлыг эхлүүлээтэхэв.
 
Ном дүрмийн дагуу бол тэдэнд энэхүү ажлыг эхлүүлэх эрх байсангүй, хуулиар хориглосон зүйлийг дур мэдэн хийлээ. Яагаад гэвэл дэлхийн бүх улсад төмөр замын бүтээн байгуулалтын ихэнхи зохицуулалтууд нь барилгын хуулиар зохицуулагддаг. Инженерийн байгууламжийн хувьд. МУ-ын барилгын хуулийн 13.5-д зааснаар бол магадлал хийлгээгүй зураг төслийн дагуу барилгын ажлыг эхлүүлж болохгүй гэсэн заалт бий. 
 
Асуудал нь зураг төсөл боловсруулахдаа биш, тэр зураг төслийг хөндлөнгийн байгууллага хяналт тавьж, зөвшөөрсний дараа барилгын үйл ажиллагаа буюу төмөр зам барих ажлыг эхлүүлж болно гэсэн үг. Энэ үед магадлал хийлгэх зураг төсөл битгий хэл, хоосон амбицаас өөр тэдэнд юу ч байсангүй. Одоо бүгдээрээ дарааллын хэдэн үйл явдлыг харцгаая.
 
Алдарт “МсКinsey & Со”-гоор ахлуулсан зөвлөх үйлчилгээ үзүүлэх баг нь 2011 оны 4 сарын 11 өдөр ТЭЗҮ хийх ажилдаа ороод 2011 оны 8 сарын 18 өдөр МУ-ын Засгийн газарт танилцуулсан. Энэ нь юу гэсэн үг вэ? 2011 оны 8 сарын 18 өдөр хүртэл энэ төмөр зам ашигтай байх эсэхийг хэн ч мэдэхгүй байсан.
 
Гэтэл нээлтийнхээ шоуг, газар шорооныхоо ажлыг аль эрт буюу 2011 оны 4 сарын 22 өдөр хийчихсэн шүү дээ. Мэдээж урьдчилсан дүгнэлттэй танилцаж болно. Гэхдээ энэ ТЭЗҮ-д бас л мөн адил магадлал хийлгэх ёстой байлаа. Гэтэл энэ ТЭЗҮ-д өнөөдрийг хүргэл магадлал огт хийлгээгүй байгаа билээ.
 
ТЭЗҮ гэдэг чинь ажлын зураг биш. ТЭЗҮ гэдэг нь ямар нэгэн төсөл ашигтай байх уу, үгүй юү гэдгийн харуулсан судалгаа. ТЭЗҮ-д үндэслэж төмөр зам барина гэж байхгүй. ТЭЗҮ-г харгалзаж төмөр зам барих ажлын зураг, бусад тооцоог хийлгэж болно.
 
Тэгэхээр энгийн логик болон өнөө мөрдөгдөж байгаа хуупийн дагуу 2011 оны 4 сарын 22 өдөр яавч төмөр зам барих ажлын нээлт хийж болохгүй байсан.
 
Монгол Улс бие дааж төмөр зам барьдаггүй, үйл ажиллагаа явуулдаг ганц төмөр замын байгууллага нь Зөвлөлт-Монголын хамтарсан үйлдвэр байсан үед манайд ЗХУ-ын стандарт болон аргачлалыг хэрэглэдэг байлаа. Тэр үеэс бараг өөрчлөгдөөгүй “СНИП-1520мм” гэдэг эмхэтгэл байдаг. Энэ нь төмөр зам барихтай холбоотой бүх стандарт, дүрмүүдийг эмхэтгэсэн гарын авлага юм.
 
Өнөөдөр үйлчилж байгаа манай хууль дүрмийн дагуу ийм дарааллын дагуу төмөр замын суурь бүтэц баригдах ёстой.
 
Төмөр замын суурь бүтэц барих дараалал:
 
-  Урьдчилсан ТЭЗҮ, ерөнхий чигийн зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ боловсруулах;
 
-  Суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл хүсэх;
 
-  Төмөр замын асуудал эрхлэсэн төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргах;
 
-  Дүгнэлтийг үндэслэж төмөр замын асуудлыг хариуцсан яам нь дүгнэлт гаргах;
 
-  Дээрхи судалгаануудыг үндэслэж баригдах төмөр замын трассыг тогтоох;
 
-  Трассыг төмөр замын асуудал хариуцсан сайд нь баталгаажуулах;
 
-  Нарийвчилсан ТЭЗ Ү, ажлын зураг боловсруулах.
      Үүнд:
 
                  •Геодези, зураг зүйн ажлын даалгавар
 
                  •Геодезийн ажил 
              
                  •Кадастрын зураг 
        
                  •Чигийн зураг
 
                  •Геологийн ажлын даалгавар  
  
                  •Инженер, геологийн судалгаа
 
                  •Усны судалгаа 
 
                  •Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ
 
                  •Бүх техникийн даалгавруудыг хянуулах;
 
                  •Хийгдсэн бүх судалгааны ажлуудыг эрх бүхий байгууллага хүлээж авах;
 
                  •Зураг төслөө боловсруулах; 
               
                  •Зураг төсөл, төсөвдөө магадлал хийлгэх;
 
                  •Төмөр замын зурвас газар ашиглах гэрээ байгуулах;
 
                  •Төмөр зам барих зөвшөөрөл хүсэх, зөвшөөрлөө авах;
 
                  •Барилга, угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл авах;
 
                  •Барилгын ажил эхлүүлэх, хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх.
 
Тууз хайчилахаас өмнө 14 төрлийн ажил хийгдэх ёстой байлаа. 15 давхар байшин бариулна гээд барилгын зураг болон холбогдох баримтгүйгээр фундамент хэн ч ухдаггүй. Төмөр зам дээр бол бид яг ижил үйлдэл хийлээ. 14 хийх ёстой ажлаа хийгээгүй байж 15 дахь ажлыг эхлүүлдэг нь популизм уу, дайсагнал уу?
 
ТЭЗҮ-г эхлүүлээгүй байхдаа хийсэн ажлууд:
 
2010 оны 12 сарын 27-29 өдрүүд. Трасс тогтоосон. Трасс тогтоох буюу трассын сонголт нь ТЭЗҮ дотроо багтах ёстой зүйл байсан. 2 хоногийн дотор трасс тогтоосныг анзаарна уу.
 
2011 оны 3 сарын 11 өдөр. “Геомастер” ХХК-иар толгойлуулсан нийт 17 аж ахуйн нэгжээр геодезийн судалгаа хийлгүүлсэн. Гэрээний дүн 6 тэрбум төгрөг
 
2011 оны 3 сарын 11 өдөр. “Эко Гидро Гео” ХХК-иар толгойлуулсан 11 компаниар төмөр замын суурь бүтцийн судалгаа хийлгүүлсэн. Гэрээний дүн 14 тэрбум төгрөг
 
2011 оны 3 сарын 11 өдөр. “Нэйчрал Састэйнэблэ” ХХК-тай байгаль орчны нарийвчилсан судалгаа хийлгэх гэрээ байгуулсан. Гэрээний дүн 1,3 тэрбум төгрөг
 
2011 оны 4 сарын 25 өдөр. “Кэй эйч Эн Ар” ХХК-тай Баруун-Уртын орчим 50 км хөрс хуулах ажлын гэрээ байгуулсан. Гэрээний дүн 4,8 тэрбум төгрөг. Тууз хайчилсанаас 3 өдрийн хойно гэрээг нь байгуулсан.
 
2011 оны 4 сарын 25 өдөр. “Транскон” ХХК-тай Чойбалсан орчим мөн 50 км хөрс хуулах ажлын гэрээ байгуулсан. Гэрээний дүн 5,1 тэрбум төгрөг.
 
Мөн энэ үед “Ийсг Рейлвей” ХХК-тай Сайншандын орчим 10 км далан барих концессийн гэрээ байгуулсан. Гэрээний үнийн дүн, нөхцөлүүд нь нууцлагдсан.
 
Энэ үйл ажиллагааны зардал нь 32 тэрбум төгрөг. Нэмэх нь 10 км далан.
 
Энэ ажлуудыг хэн ч хүлээж аваагүй, бас хэн ч хүлээж авах шинжгүй байгаа. Одоо энэ хийсэн ажлын үр дүнг ашиглана гэдэг туйлын эргэлзээтэй. Тэр тогтоосон трасс нь шинээр гэрээлж хийлгэж байгаа ажлын зургийн трасс нь энэ хөрс хуулсан газартай таарна гэдэг магадлал тун бага.
 
Хөрс хуулалтын ажлыг эхлүүлж болохгүй байсан. Учир нь нийт ажлын зураг гараагүй нөхцөлд далан гэж нэрлээд байгаа трапеци хэлбэрийн байгууламжийн доод хэсгийн өргөнийг хэн ч хэлж чадахгүй. Тийм учраас хөрс хуулах боломжгүй. Хуулаад 3 жилийн дараа хэнд ч хэрэггүй зүйл болон хувирлаа.
 
Энд цацсан мөнгийн тодорхой хэсгийн Хөгжлийн банкнаас авсан бондын мөнгөөр дарсан. 55 сая доллар аваад. Энэ хариуцлагагүй ажилбар, байгаль орчинд учруулсан хохирол, үүнд одоо хүртэл бүрэн, хэсэгчлэн мөнгөө авч чадаагүй, өрөнд орсон 35 үндэсний компаниудыг яах вэ?
 
Худлаа ярих аюултай. Түүнийгээ нуух гэж төрийн нууц нэрийн дор хууран мэхлэх нэмэлт ажил зохион байгуулж явсаар байгаад тэр худал нь цасны хуйлраа шиг болдог.
 
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг зохион байгуулсан хүмүүс ухрах бололцоогүй болов. Энэ мөчөөс эхлэн хийгдэх ТЭЗҮ-ийн үр дүн, цаашдын үйл
ажиллагаа туйлын ойлгомжтой болсон. Ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зөвтгөх, энэ ажлыг эхлүүлэх, явсаар байгаад төрийг өөрчлөхөөс өөр аргагүй байдалд орсон.
 
Тэгээд ямар ч үнээр хамаагүй зураг төслийг хийлгэх. Ямар ч хамаагүй үнээр зөвлөх үйлчилгээ авч энэ асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй болжээ. Дээрээс нь төмөр замын бүх асуудлыг нууцлахаас өөр аргагүй болсон. Нууцласан шалтгаанаа нууцлах гэж “геополитик” ярихаас өөр аргагүй болсон. 
 
Иймд бид өнөөдөр “Ниппон Коеи” компаниар зураг төслийг нь 10 гаруй сая доллароор гэрээлсэн. Тэгээд 2010 онд 2 өдрийн дотор тогтоосон трасстай тэдний хийсэн зураг давхцана гэдэг бол “саятан” сугалаагаар мөнгө хожихтой ижил маш бага магадлалтай зүйл. Асуудал нь тэр инженерийн компанид биш. Асуудал нь Монголын талдаа байгаа. 
 
2011 оны 4 сарын 22 өдрийн сэтгэлийн хөөрлөөр хийгдсэн ажлууд хэзээ ч хэрэг болохгүй. Яахав, зарим геодези, геологийн судалгааг ашиглах байх. Тэр хөрс хуулж эх дэлхийдээ учруулсан шарх нь аль хэдийн эдгэрсэн. Төмөр замын бүтээн байгуулалтанд мөнгө өгсөнгүй гэж уйлах шахсан хүмүүс бий. Харин энэ хуурамч ажиллагаанд, мөнгө бөгөөд тархи угаалтанд нь мөнгө өгөөгүй тал нь илүү ухаалаг, мэдрэмжтэй хүмүүс?
 
Зураг төслөө хийж дусаагүй байхад шинэ төмөр замын төсөлд 5,2 тэрбум америк доллар хэрэгтэй гэж байсан түшмэлүүд. Монголын ард түмэн бид тэр их мөнгийг нь хаанаасаа олж өгөх вэ? Сайншандын аж үйл паркийн тухай яривал яг ижилхэн түүх бичигдэнэ.
 
Б.Саранцацрал /Төмөр замын инженерүүдийн холбоо, Санхүүгийн шинжилгээ хариуцсан зөвлөх/